ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжинэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-13

Улсын Онцгой комисс хуралдаж сар шинийн баярыг  тэмдэглэхгүй байх Д.Сарангэрэл сайдын  саналыг дэмжсэн билээ. Улмаар Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлд шийдвэрээ хүргүүлснээр Ерөнхийлөгч дэмжжээ. Ингэснээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргалаа. Зарлигт удахгүй болох сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх тухай онцолсон аж. Тодруулбал, дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай” гэжээ. 

Зарлигийн хүрээнд Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриаллаа. Мөн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахыг  чиглэл болгосон байна. Энэ дагуу Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй.  Гагцхүү золголт хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалав. Засгийн газар өмнө нь Цагаан сарын баяраар бөхийн барилдаан зохиох, төрийн, нутгийн зөвлөл, байгууллагуудын золголт зэргийг хориглосон шийдвэр гаргаад байсан юм. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг өчигдөрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон юм.  

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ гэдэг нь: 

•    10.4.Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна:
•     10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
•    10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
•     10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
•     10.4.4.хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
•    10.4.5.Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.
•   10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.
•    10.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:
•    10.6.1.Харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;
•     10.6.2.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
•    10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.4.1-10.4.5-д заасан арга хэмжээг нэгэн адил хэрэгжүүлнэ.
•    10.8.Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.