ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Сонгуульд бэлтгэх шаардлагатай байгаа учраас ажлаа өгч байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-13

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөө өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “Би одоо өргөдлөө өгөөд, ажлаа өгөх гэж байна. Ерөнхийлөгч хүлээж авахаа амалсан. Гурван сарын дараа болох сонгуульдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа юм. Янз бүрийн цуурхал гарч байна. Энэ бүгд худлаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Миний оронд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ирнэ. Тэр маргаашаас ажлаа хүлээж авна. Миний хувьд Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Намайг нэр дэвших ажлаа хийж эхэл гэсэн” гэв.

-Та хаанаас нэр дэвших вэ?

-Би С.Эрдэнэ даргын орон тооны бус зөвлөх болсон. Би хаанаас нэр дэвшихээ одоогоор шийдээгүй байна. Судалгаа хийж байна. 

-Өвөрхангайн нэвтрүүлгийг танийг захиалж хийлгэсэн гэх мэдээлэл гараад байгаа?

 -Өвөрхангайн нэвтрүүлгийг С1 телевизээр үзсэн. Би шэйрлэсэн. Найман жил Өвөрхангай аймгийн төлөөлж УИХ-д суусныг та бүхэн мэдэж байгаа. Миний үеийн гишүүдэд тендерт оролцдог ёсзүй байгаагүй. Сүүлийн үед арай л хэтэрч байна. 1921 оноос хойш Өвөрханнай аймагт АН ялаагүй учраас сөрөг хүчингүй болсон.

Таныг С.Эрдэнийг өмөөрч Ерөнхийлөгчтэй ам зөрсөн гэсэн мэдээлэл байна?

-Би хэнтэй ч санал зөрөөгүй. Өмнөх сонгуулиар би онгоцтой улс тойрсоор байгаад сонгуульд ялагдсан. Одоо амиа бодмоор байна. Аль нэг тойрог сонгож ажилламаар байна. Уг нь ажлаа өгөхгүй хийж болох ч энд байхаар хэл аманд ороод байгаа учир Ерөнхийлөгч намайг сонгуулиа бод гэсэн. Ардчилсан нам нийт нэр дэвшигчдийнхээ дөрөвний гурвыг цоо шинэ хүнээр бүрдүүлнэ. Хуучин гишүүн байсан арваад хүн л нэр дэвшинэ.

Харин Капитал банкны дампуурлаас болж Нийгмийн даатгалын санд бий болсон хохирлын талаар байр сууриа илэрхийлэхдээ “Хэрэв банкинд мөнгө байхгүй бол нөөц хөрөнгөнөөс нь татаж авах эрх байсан. Капитал банкны үйл ажиллагаа муудаж байгааг сануулсаар байтал мөнгөө татаж аваагүй нь С.Чинзориг сайдын буруу. Капитал банкны үйл ажиллагаа доголдох үед мөнгөө татах ажлыг төв банк хийдэг. Н.Баяртсайхан С.Чинзориг, Б.Ундармаа бүгд нэг нам шүү дээ. Б.Ундармааг дампууруулахгүйн тулд мөнгөө татаагүй.

-Үндсэн хуулийн шинэчлэлээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахиж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа юм уу?

-Үндсэн хууль буцаж үйлчлэхгүй. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр өмнө Ерөнхийлөгч байсан, одоо байгаа бүх хүн зургаан жилээр нэг удаа сонгогдох эрхтэй. Янз бүрээр тайлбарладаг хүмүүс гарч ирж байна.