ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хорио цээрийг сунгасан ч, сурагчдын амралт хойшлохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-20

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор covid-2019 вирусийн дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа. Өөрөөр хэлбэл, өвчний тархварзүйн онцлог, тандалт, хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл ихэссэнээс хойш нууц үеийн хугацаа буюу дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсч байгаа учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлэхээр шийдсэн аж. Мөн Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэм хэвээр үргэлжилнэ.  Ачаа, тээвэр, экспорт, импортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг УОК-ын мэдээлэл, цаг үеийн байдлыг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаар болжээ. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Энхболд болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар тус тус мэдээлэл хийлээ. 

 

Н.Энхболд: Зам хаах асуудлыг цаг тухай бүрт нь шийднэ 

-Улсын онцгой комиссын дарга Н.Энхболд хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Дэлхийн 26 улс оронд тархаад буй covid-2019 вирусийн улмаар 74 мянга гаруй өвчилж 2006 хүн нас бараад байна. Нийт өвчлөлийн 99 хувь нь БНХАУ-д байгаа. Шинжээчид, судлаачид БНХАУ-ын сар шинийн баярын энэ өвчнийг тархахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэ өвчний дамжих зам одоог хүртэл тодорхойгүй. ДЭМБ-аас өвчний эсрэг авсан арга хэмжээнийхээ хүчийг сулруулахгүй байхыг анхаарууллаа. Олон улсын эрдэмтэд судлаачид энэ оны дөрөвдүгээр сараас тархалт буурах магадлалтай гэж үзсэн. Манай улсаас хятадад аялж, ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ хийсэн” гэлээ. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссын ажлын хэсэг Монголд орж ирэх өндөр эрсдэлтэй гэж үнэлгээ хийжээ. Тэр тусмаа сар шинийн өдрүүдэд коронавирусийн дэгдэлт урд хөршид хамгийн дээд цэгтээ хүрэх учраас зөөвөрлөгдөж орж ирэх магадлал өндөр гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргасан аж. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжих хугацааг ирэх сарын 30-ны өдөр хүртэл сунгажээ. Мөн сар шинийн баярын өдрүүдэд зарим аймгуудын Засаг дарга нар дотооддоо захирамж гарган орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэ шийдвэр албан ёсны эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад “УОК-оор хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна. Цаашид Цагаан сарын баяр хүртэл хугацаа байгаа учраас тухай бүрт нь хэлэлцээд, шийдвэр гаргана. Зарим аймгууд дангаараа замын хөдөлгөөн хаах тухай шийдсэн юм билээ. Гэхдээ үүнийг Зам тээврийн яамтай хамтран шийдэх ёстой” гэсэн хариулт өглөө. 

 

Ё.Баатарбилэг: Дөрөв, тавдугаар сард бямба гарагт хичээллэхээр шийдлээ 

-Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь ирэх сарын 30-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр сургууль, цэцэрлэгийг үргэлжлүүлэн хаах эсэх тухай байсан юм. Улмаар, өмнө бичсэнчлэн өндөр эрсдэлгүй хэвээр гэж үзсэн учраас гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоож, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага их дээд сургууль, коллежийг хаасан шийдвэрийг хэвээр үлдээв. Хуралдаанаас гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сэтгүүлчдэд танилцуулав. Тэрбээр, “Хичээл сургалтын үйл ажиллагааг дөрвөн долоо хоног хойшлуулах шийдэлд хүрлээ. Учир нь эрсдэл өндөр хэвээр байна. Гэхдээ ингэлээ гээд амралт хойшлохгүй. Дөрөв, тавдугаар сард найман долоо хоног бямба гарагт хичээлийг нөхөж орно. Энэ хугацаанд ажиллаж байгаа багш нарт илүү цагийн мөнгийг нь олгоно. Зургадугаар сарын 15-нд багтаж, ЭЕШ болон элсэлтийг дуусгана. Сар шинийн баярын өдрүүдээр ч теле хичээл гарна. Анх удаа л ийм урт хугацаанд телевизээр теле сургалт орж явуулж байна. Хүүхдүүдийн хичээл сургалтын явцыг дүгнэх хийгээд, энэ хугацаанд сурсан зүйлсийг нь хэрхэн дүгнэх чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн” гэлээ. Хичээл, сургууль хэвийн ажиллаж эхэлсний дараа эхний долоо хоногт бататгах хичээл явуулах бөгөөд бага ангийн хүүхэд нэг бүртээ тулж ажиллах шаардлага үүсэх аж. Тиймээс эцэг, эхчүүд багш нартай хамтран ажиллаж, төвөгшөөж цааргалахгүй туслахыг хүслээ. Дээрх хугацаанд багш нарын 1, 5, 10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж шаардагдах зардлыг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Ё.Баатарбилэг сайдад даалгажээ. Цэцэрлэг, 1-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын нэгэнд, ахлах ангийн сурагчид зургадугаар сарын 08-нд, төгсөх анги, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг зургадугаар сарын 15-нд багтаан явуулах юм байна.