ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Паразит”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-20

УИХ-ын 50 орчим гишүүн ёс суртахууны ноцтой зөрчил гаргаж, зорилтот бүлгийнхний хүртэх ёстой зээлийг албан тушаал, эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан авч ашигласан нь тогтоогдсон билээ. Тэднийг “ММ” сонин “Сонгож болохгүй сонголт” булангаараа онцолж буй. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Батзоригийг онцолж байна. 

Улстөрчийн карьераа ганцхан сонгуулиар дуусгавар болгосон хүн бол ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг нэрлэж болно. Тэр улстөрчийн хүрээнд маш богино хугацаанд дэвшсэн орсон шигээ төгсгөлөө хийлээ. Тэрбээр улстөрчийн эгнээнд явсан богинохон хугацаандаа НИТХ –ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаад цэг тавилаа. Өөрөөр хэлбэл, жирийн иргэдийн хүртэх ёстой боломж буюу ЖДҮХС, ТЭДС зэрэг хариуцсан яамныхаа хамаарал бүхий сангуудыг намынхаа нөхөдтэй нийлэн цөлмөж, хувь хүртсэн нь түүнийг улс төрөөс бүрэн арчсан гэхэд болно. Тэрбээр энэхүү хэргийнхээ төлөө хэзээ мөдгүй хуулийн хяналтын байгууллагаас шийтгэлээ хүлээхэд бэлэн болсон байгаа аж. Түүнийг сайн ах нь бүү хэл нам нь ч аварч чадахгүй болсон юм. Энэхүү үйлдлээрээ улс төрд баяртай хэмээн хэлж, хаалгаа хаасан. Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажилласан богинохон хугацаанд өөрийнхөө эзэмшлийн компанид 1.4 тэрбум төгрөгийг ЖДҮХС-гаас хуваарилж, намынхаа 50 орчим гишүүнд хишиг хүртээж, төрийн мөнгөөр гараа угаасан эр. Түүний хийсэн хэрэг анх олон нийтэд ил болоход өөрийгөө өмөөрч, хувьдаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг эзэмшлийн компани болон  аж ахуйн нэгж  байхгүй хэмээн тас гүрийж байсан ч баримтаар ил болсон юм. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчдийг зориудаар гүтгэж, нэр төрд нь халдаж байна хэмээн ярилцлага өгч байсан удаатай. Тэр  бүү хэл “Би мэдэхгүй юм байна. Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг, аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог юм билээ. Барьцаагүй, баталгаагүй хүн энэ зээлийг авах боломжгүй. Үнэхээр барьцаагаа тавиад, сайн төсөл боловсруулаад ороод ирсэн бол ямар ч компани хамрагдах бүрэн боломжтой” хэмээн мэдэгдсэнээс хойш ердөө долоохон хоногийн дараа   үнэнд гүйцэгдсэн.

Тухайлбал, өөрийн эхнэр Л.Отгонжаргалын нэр дээр байдаг “Тээвэр ачлал” ХХК болон “Наму Дэвжих” ХХК-иар дамжуулсан ЖДҮХС-гаас мөнгө шилжүүлэн авсан нь тодорхой болов. Хамгийн хачирхалтай нь Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа  “Банхарын болон эвтэй дөрвөн амьтны хүрэл хөшөөг” тус дүүрэгт сүндэрлүүлж, олны дургүйцлийг багагүй хүргээд амжсан.  Гэтэл эв эеийн бэлэгдэл нэртэй барьсан энэхүү хөшөөнүүдийн санхүүжилтийг  өөрийн эзэмшлийн компани болох “Наму дэвжих” ХХК-ийн дансаар шилжүүлэн авчээ. Түүнээс гадна “Наму дэвжих” ХХК-ийн  ажилчдаар хөшөөг бариулж, төсвийн хөрөнгөөр тоглосон байдаг. Түүний компаниуд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг хэмээн мэдүүлсэн ч нэг хаягтай, нэг удирдлагатай. Зөвхөн тамга тэмдэг нь хоёр өөр аж. Тиймээс Б.Батзориг НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан цагаасаа эхлэн төрийн мөнгийг хувьдаа хүртэж, ажил хийсэн  мэтээр  олны нүдийг хуураад сурчихсан, үүндээ ч гаршсан нэгэн гэж тодорхойлж болно. Төрд ажилласан хугацаанд төсвийн мөнгийг хувьдаа завшиж, төдийгөөс өдий хүртэл шимэгч буюу “паразит” хэлбэрээр ажилласан нь баримтуудаар ил болов. Нөгөөтээгүүр, өөрийгөө хамгаалах, өмгөөлөх хавхавчгүй болсон гэдгээ нэгэнт мэдсэн Б.Батзориг арга мухардаж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байхдаа  “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар жил гаруйн хугацаанд ажиллалаа. Хамтран ажилласан салбарынхандаа талархсанаа илэрхийлж байна. Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаасаа уучлалт гуйж байгааг минь хүлээж авна уу” хэмээн мэдэгдэж, төрийн тусгай сангийн мөнгөөр гараа угааж, тоглосон гэдгээ хүлээн зөвшөөрснөөр тэр шууд буруутайгаа хүлээн зөвшөөрсөн юм. Хэдийгээр өөрийн хүсэлтээр сайдын ажлаа өгсөн ч олны дунд үлдсэн муу нэрээ арилгаж чадахгүй. Түүнчлэн Б.Батзориг УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан хугацаандаа хөрөнгө нь эрс нэмэгджээ. Түүний жилийн  орлого   2017 онд 22.2 сая байсан бол 2018 онд 23.5 болж нэмэгдсэн байна. Харин гэр бүлийнх нь орлого 2017 онд 320.6 сая байсан бол 2018 онд 455.2 болж огцом өсчээ. Тэрбээр  дөрвөн  орон сууцтай  хэмээн мэдүүлж,  3.3 тэрбум төгрөгийн үнэтэй хэмээсэн нь  хамгийн хамгийнаар тодорч, бусдаас авах авлагаараа ангийнхан дундаа толгой цохисон удаатай. Одоо 2019 онд түүний орлого болон өрхийн орлого хэрхэн өссөнийг харах үлдлээ.

Сонгууль:

2016 онд МАН-аас Баянзүрх дүүргийн  52 дугаар тойрогт нэр дэвшиж, 35.3 хувийн саналаар   ялалт байгуулсан билээ. Түүнтэй хамт АН-аас Ч.Сайханбилэг, БДНД-аас Ц.Монгол, МАХН-аас Л.Чулуунбаатар нарын 11 хүн нэр дэвшсэнээс хамгийн их саналыг Б.Батзориг авсан юм. 

Албан тушаал:

2004 онд: НИТХ-ын төлөөлөгч
2008 онд: Баянзүрх дүүргийн Засаг дарга
2015 онд: ХХААХҮ-ийн дэд сайд
2016 онд: МАН-аас Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшиж сонгогдсон
2017 онд: ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан

Санаачилсан хуулийн төсөл:

  • Итгэлийн зээл олгох тухай хууль  /Хэлэлцэж эхлээгүй/
  • Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль /Батлагдсан/
  • Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хууль /Батлагдсан/
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль /Батлагдсан/
  • Эрүүгийн хууль /Хэлэлцэж байгаа/
  • Баяжуулсан хүнсний тухай хууль /Батлагдсан/
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль /Хэлэлцэж байгаа/
  • Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Буцаасан,  хүчингүй болгосон/
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль /Батлагдсан/