ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: 209 жил зарах нүүрсээ ганцхан жилийн орлогоор зарах нь дээрэм

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-12

АН-ын даргын ахлах зөвлөх  З.Энхболдтой ярилцлаа.

-Сонгууль бүрийн л өмнө үнэ цэнтэй төрийн өмчит компаниудын талаар хэрүүл маргаан болдог. Дубайн гэрээ ч яг энэ байдлаар будлиантсан гэдэг. Тийм болохоор та “Эрдэнэс Тавантолгой”-н асуудалд болгоомжлоод байна уу. Эсвэл таны нэртэй хамт явдаг “Страто” компанийн эрх ашигтай холбоотой юу. Энэ бол ард түмний хамгийн эхний хардлага?

-Тавантолгойг хувьчлах асуудал шинэ биш. 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрөөс эхэлсэн юм. Процесс нь явсаар одоо хувьчлах дээрээ тулж ирээд байгаа юм. Энэ удаагийнх бол өмнөхөөс тусдаа асуудал болчихоод байна. Яагаад гэвэл 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолд хувьчлах зорилго тавихдаа “Гадаад дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, дэд бүтцийн болон шаардлагатай төсөл хөтөлбөрийн санхүүжилт хийх” гэсэн байгаа. Дэд бүтцийн гэдэгт олон зүйл бий. Хамгийн чухал нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх байсан юм. Энэ хоёр төмөр зам бол одоо баригдаад, ажил нь ид явж байна. Төмөр зам барих мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” шийдээд өгчихсөн. Тэгэхээр энэ тогтоол буюу 2018 оны УИХ-ын 73 дугаар тогтоолын хэрэгцээ одоо байхгүй болчихсон гэсэн үг. Тиймээс хувьчлалаа зогсоо гэдэг асуудлыг л би яриад байгаа юм. Хувьчлах шаардлагагүй боллоо. “Эрдэнэс Тавантолгой”-г таван жилийн өмнө мөн хувьчлах гэж оролдсоныг санаж байгаа байх.

Түүнээс хойш таван жилийн хугацаанд энэ компани нийт 48.7 сая тонн нүүрс зарж, 6.5 их наядын борлуулалт хийж, улсын төсөвт 1.5 их наядын татвар төлсөн. Ингээд цэвэр ашиг нь 2.3 ихнаяд төгрөг болсон байна. 2018 оны ноогдол ашгаа Зүүнбаянгийн төмөр замд өгөөд, одоо ирэх есдүгээр сард дуусна. 2019 оны ноогдол ашгийг саяхан хувааж, бүх ард түмэнд ноогдол ашиг гэж 96 мянган төгрөг өгөхөөр боллоо. Иргэдэд өгөх ноогдол ашиг нийтдээ 200 тэрбум төгрөг болох юм. Үлдсэн 800 тэрбум төгрөг нь Засгийн газарт очно. Яагаад гэвэл Засгийн газар 80 хувьтай байхгүй юу. Тэгэхээр хоёр гол төмөр замаа барьчихсан. Шаардлагатай бусад төсөл хөтөлбөр гэдэг нь цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, нүүрс химийн цогцолбор гээд гурван зүйл байгаа юм. Энэ гурвыг баримаар байгаа бол энэ жилийнхээ ноогдол ашгаас барих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, ямар ч хувьчлал явуулахгүйгээр, 30 хувиа гадны хөрөнгийн биржид зарахгүйгээр төлөвлөсөн ажлуудаа хийж болно. Тийм учраас л хувьчлах ямар ч шаардлагагүй. Түүнээс гадна хамгийн гол нь зарах гээд байгаа Зүүн цанхийн 30 хувьд коксжих нүүрсний гол нөөц бий юм.

-Хонконгийн хөрөнгийн бирж дээр борлуулж олох нэг тэрбум ам.доллароор яг ямар үйлдвэр барьж, яаж ажиллах тухай төсөл төлөвлөгөөг нь та харсан уу. Аваад, дэмжээд явах юм байхгүй юм уу?

-Анх нэг тэрбум ам.доллар байгаагүй юм. Таван тэрбумын тухай яригдсан. УИХ-ын 73 дугаар тогтоолыг гаргадаг өдөр чуулганы танхимд ийм хэмжээний мөнгө яригдсан гэсэн үг. Энд зөвхөн дэд бүтцийн төслийн тухай яриад байгаа. Шаардлагатай бусад төсөл хөтөлбөр гэдгийнх нь цаана байгаа гурван зүйл нь сая миний хэлсэн цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, нүүрс химийн цогцолбор гурав. Үүнийг барихыг хүсч байгаа бол ноогдол ашгаас авсан 800 тэрбум төгрөгөөрөө барь. Засгийн газар хэнээс ч зээл авахгүй, хэнээс ч гуйлга гуйхгүйгээр барих хэмжээний мөнгөтэй болчихлоо шүү дээ.

-“Эрдэнэс Тавантолгойн” 30 хувийг хувьчилж болохгүй гэсэн хуулийн төслийг АН-ын дарга С.Эрдэнэ боловсруулснаа мэдэгдсэн. Хэрвээ энэ хуулийн төслийг УИХ олонхиороо унагаачихвал танай талын дараагийн тэмцэл юу байх вэ?

-Олонхиороо унагаах байх. Унагааг. Одоо хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байна. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ УИХ унагаасныг нь буюу хувьчлах тогтоолыг нь хүчингүй болгоно. Тавантолгойг авч үлдэнэ гэсэн үг. С.Эрдэнэ даргын тогтоолыг дэмжээд явна. Тэгэхээр МАН-д С.Эрдэнэ гишүүнтэй санал нийлж, хувьчлахгүй байх, эсвэл санал нийлэхгүйгээр хувьчлах шийдвэрээ баталгаажуулах сонголт байна. Эсвэл бүр бид нэг тэрбумаар зарна гээд  С.Эрдэнийн тогтоолыг хэлэлцэхгүй гэж кнопоо дарж болно шүү дээ. Тэгсэн ч дараагийн УИХ босгоод ирнэ.

-Ер нь ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн хувийг олон улсын хөрөнгийн биржээр борлуулж, улам их ашиг олдог туршлага олон улсад байдаг уу?

-Энэ бол явах замын нэг мөн үү гэвэл мөн. Гэхдээ 209 жилийн нөөцтэй орд компаниа ганцхан жилийнх нь орлоготой тэнцэх үнээр хувьчилж яагаад ч болохгүй. “Эрдэнэс Тавантолгой” бол 209 жилийн нөөцтэй орд. Жилд нэг тэрбум ам.долларыг  нүүрсээ зарж олж байгаа компаниа ганцхан жилийн экспортын орлогоор 30 хувийг нь зарах нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ. Хоёрдугаарт, хувьчлах асуудал нь өөрөө хууль бус байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг зарна гэдэг зөвшөөрлөө бүх хувьцаа эзэмшигчдээсээ авах ёстой. Яагаад гэвэл энэ компанийн эзэн нь ард түмэн болчихсон. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийх ёстой. Тэр хуралд Д.Сумъяабазар сайд төслөө танилцуулах ёстой. Ингээд 30 хувийг нь 1 тэрбум ам.доллароор зарахыг зөвшөөрвөл зарах гээд явж болно. Гэтэл зөвшөөрлөө авахдаа таван тэрбум ам.доллар гэж авчихаад одоо нэг тэрбумаар зарах гээд яваад байгаа нь хууль бус.

-“Эрдэнэс Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал сөхөгдөх бүрт таныг гарч ирдэг гэж шүүмжилдэг. Таны нэртэй холбогдоод байдаг “Страто” гэдэг компанитай та яг ямар холбоотой юм бэ?

-Би энэ компанитай ямар ч хамааралгүй. Хамааралгүй гэдгээ дөнгөж сая цагдаа нарт ч хэлээд, тайлбарлаад явууллаа. 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Шадар сайд асан М.Энхсайхан нар “Эрдэнэс Тавантолгой”-г найзууддаа зуун жилээр үнэгүй өгөх гэж оролдсон. Найзууд гэдэг нь “Шинхуа” компани, МCS хоёр. Үүний дараа намайг З.Энхболд бол Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг олон мянган машинтай гэж гүтгэж эхэлсэн. Тэнд нүүрс тээвэрлэдэг машинуудыг бүгдийг нь миний машин гэж гүтгэж байгаа юм. Тийм учраас төмөр замыг зогсоосон гэж ойлгуулах гэж оролдсон. Дараа нь НИТХ-ын гишүүн М.Тулгатын ахын “Хишиг арвин” гэдэг компанийг мөн л миний компани гэж гүтгэсэн. Тавантолгойн хувьчлалыг зогсоох болгонд ингэж гүтгэдэг юм. Энэ удаа Чойрт байгуулсан нүүрс угаах үйлдвэртэй холбож эхэллээ. Би ямар ч холбоогүй. Хүсвэл хуулийн этгээдийн бүртгэлээс “Страто” болон надтай холбоод байгаа компаниудын эзэн хэн болохыг ороод харж болно. Эхлээд MCS, Ц.Элбэгдорж нарын бизнесийн бүлэглэлүүд нийлж  Тавантолгойг үнэгүй авах гэсэн. Одоо Д.Сумъяабазарын бүлэглэл гарч ирлээ. Гэхдээ багахан ч гэсэн үнэтэй авах гэж байна. Ердөө ганцхан жилийн экспортын орлогоор 30 хувийг нь авах гээд байна шүү дээ. Үнэгүй авах гэж байсан Ц.Элбэгдоржийн дэргэд үнэтэй авах гэж байгаа Д.Сумъяабазар бас болж л байна. Гэхдээ 209 жил зарах нүүрсээ ганцхан жилийн орлогоор зарах нь ялгаагүй дээрэм биз дээ.

-Хувьчлах гээд байгаа тал хөрөнгө босгоно гэж яриад, та болохоор зарна гэж байна. Энэ ялгаатай юу?

-Ямар ч ялгаагүй. Бидний болон Засгийн газрын мэдэлд байгаа хувьцаа хэн нэгэн хүнд очно. Тэр хүмүүс мөнгөө төлнө. Зарж л байна гэсэн үг. Монгол Улсынх байж байгаад гадаад улсынх болж байна шүү дээ. УИХ-ын тогтоол дээрээ ч арилжаална гэж байгаа.

-1072 хувьцааны мөнгөнөөс 10 хувийн татвар авна гэх мэдээлэл яваад байгаа. Энэ үнэн үү. Цаашид хувьцааны үнэ өсөх боломжтой юу?

-Ардчилсан намын үед огт татвар авдаггүй байлаа. Хадгаламжаас ч тэр, ноогдол ашгаас ч тэр. МАН гараад есөн төрлийн татварыг нэмсэн. Энэ дахиад л бодлогын асуудал. Хүмүүсийг хувьцааны мөнгөөр, ноогдол ашгийн мөнгөөр амьдардаг болгохын тулд АН-ын үед энэ татварыг авдаггүй байсан юм. Гэхдээ АН дахиад Ч.Хүрэлбаатарын нэмсэн энэ татваруудыг хүчингүй болгоно. Нэгж хувьцааны үнийн тухайд “Эрдэнэс Тавантолгой”-д маш гоё ирээдүй байгаа. Өнөөдрийнх шиг ийм их үрэлгэн байхад ийм ашигтай ажиллаж байна. Тэгэхээр ашгийг нь хоёр дахин нэмж болно. “Эрдэнэс Тавантолгой”-н ашиг нэмэгдэж байна гэдэг ноогдол ашиг ч тэр хэмжээгээр нэмэгдээд явна гэсэн үг. Одоо бол юу ч хийдэггүй 500 хүн Улаанбаатар хотын оффист нь байна шүү дээ. Уурхай дээрээ ч очиж үзээгүй хүмүүс. 60 тэрбумын хамаатан садангууд ажилд орчихсон юм билээ. АН засаг аваад бүгдийг нь хөөж явуулна. Тэгэхээр тэр хүмүүст өгөх цалин хэмнэгдэнэ гэсэн үг.

-Норвегийн ард түмний баялгийн сан гэдэг шиг зүйлийг Монгол дуурайх гэж үзээд олон жил болж байна. Хүний хөгжил сан данс нь улайж татан буугдаж Ирээдүйн өв сан гэж байгуулахаар хуульчилсан. “Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт” зэрэг төрийн өмчит үйлдвэрүүд ашигтай ажиллаж байхад энэ санд яагаад хуримтлал үүсгэж болохгүй байгаа юм бол?

-Зүй нь бол тэгэх ёстой. Ашигт малтмал бол маш хялбархан. 1990 оноос өмнө хайгуул хийсэн хэдэн зуун ордоо бид хувийн хэвшил сайн гээд үнэгүй өгчихсөн юм. Гэтэл тэр компаниуд ашиглаж чадахгүй байгаа юм. Энэ зуун хэдэн орд дээр үйлдвэр барьсан нэг ч компани алга. Тэгэхээр одоо буцааж аваад, ашигт малтмалаа Норвеги шиг ашиглая. Норвеги төрийн өмчит компани байгуулаад маш амжилттай ашиглаж байна шүү дээ. 30-хан гэр бүлд хамаатай биш бүх хүндээ хүртээлтэй байна. Та хэд үүнийг бүтээгээгүй, хайгуул хийж олоогүй учраас одоо эздэд нь буцааж өг. Ингэж байж байгалийн баялаг Норвеги шиг бүх хүнд хүртээлтэй болно. “Эрдэнэс Тавантолгой” бол ганцхан жишээ. Салхитын мөнгөний ордоор бүх ахмадын зээлийг төллөө. Энэ бол мянгахан тонн мөнгөний орд. Үүн шиг орд Монголд хэдэн зуугаараа бий. 1990 оноос өмнө хайгуул хийгээд тогтоосон бүх ордоо буцааж авна. Харин Оюутолгой гэх мэт 1990 оноос хойш хайгуул хийгээд тогтоосон орд бол хуулиараа явахаас өөр аргагүй юм.

-“Нүүрсний” гэгддэг Л.Наранбаатар таныг “Дефакто” мэтгэлцээнд урихад та яагаад очоогүй юм бэ?

-Л.Наранбаатар гэдэг үл бүтэх “дурак” байгаа юм. Тэр надтай мэтгэлцэх хэмжээний мэдлэг чадвартай хүн биш.

-Жүжигчин Ж.Баясгалан, Б.Хурц генерал зэрэг зарим олны танил хүмүүс танай намаас нэр дэвшинэ гэж яригдах боллоо. Үнэн үү?

-Би нэр дэвшилтийг хариуцахгүй. Ж.Баясгаланг нэр дэвшихийг бол харин дэмжинэ. Яагаад гэвэл Ж.Баясгалан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болоод явах нь зүйтэй. АН хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгийн их дэмжиж, хууль журам гаргаж, 105 айлын орон сууц барьсан. Тэр үед манай УИХ мөнгө муутай байлаа шүү дээ. Ийм үед 105 айлын орон сууцыг С.Эрдэнэ гишүүн шахсаар байгаад бариулсныг ард түмэн санаж байгаа байх. Хараагүйчүүдийн төвийн хашаанд барьсан орон сууц байгаа. Хараагүй хүмүүсийг автобусаар хол явуулахгүйн тулд үйлдвэрийнх нь хашаанд барьсан хэрэг. Энэ мэт намын бодлогод нийцэж, АН-аас нэр дэвшье гэвэл 100 хувь дэмжинэ. Ядаж л жил бүрийн улсын төсөвт шинээр барих барилгад тэргэнцэртэй хүмүүсийн орц гарцыг хий гээд яриад сууж байх ёстой хүн юм. Тийм зүйлгүй болохоор энэ хүмүүс нийгмээс тусгаарлагдаад байгаа юм.

-Та хаанаас нэр дэвших гэж байна. Өвөрхангайгаас нэр дэвшинэ гэх яриа гараад байгаа?

-Нууц.

-Яг одоогоор АН хэн хэнийг сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байхаар ярьж байгаа вэ. Танд одоогоор нэрлэж хэлэх хүн байна уу. Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нар АН-аас нэр дэвшинэ гэвэл хориг саад бий юу?

-Нэр дэвшүүлэх асуудлыг мэдэх хүн нь би биш. Тиймээс энэ асуултад хариулт өгч чадахгүй нь.