ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дэлхийн 188 оронд халдвар тархаж, 11184 хүн хорвоог орхилоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-23

Дэлхийн 188 оронд тарх­сан шинэ төрлийн корона­вирусийн халдвараар  ням гарагийн байдлаар нийт 200 гаруй мянган иргэн өвчилж, 11184 хүн  нас баржээ.  Халд­варын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн бол нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэсэн дөрвөн улсад эр­чим­тэй нэмэгдэж байгаа та­лаар ДЭМБ-аас мэдээллээ. Харин  манай улсын хувьд корона­вирусийн халдварын 10 тохиолдол бүртгэгдээд байна. 

Монголд коронавирусийн халдвар авсан 10 хүний бие сайжирч байна

Тодруулбал, ХӨСҮТ-д 193 хүн ажиглалтад байснаас гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрсэн талаар өнгөрөгч бямба гарагт ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  мэдээлсэн юм. 

Сүүлд  илэрсэн дөрвөн иргэний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй бөгөөд бусад шинжилгээ, тандалт үргэлжилж байгаа гэв. Нийт халдвар авсан 10 иргэний биеийн байдал сайн байгаа аж. Харин Дорноговь аймагт тусгаарлагдсан байсан буюу франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарчээ. Мөн гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусийн халдвар илрээгүй.Гуравдугаар сарын 20-нд  ХӨСҮТ-д тусгай нислэгээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байгаа аж. Мөн  гуравдугаар сарын 15 -нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүнд шинжилгээ хийснээс өчигдөр буюу ням гарагт 159 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй гэлээ. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй уушгины хатгалгаагаар өвдсөн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар коронавирусийн шинжилгээ авахад ч сөрөг гарсан юм. Уг шинжилгээг авахад нэг хүний зардалд 165 мянган төгрөг зарцуулж байгааг ЭМЯ-наас онцоллоо.

ДЭМБ-ын зөвлөж буйгаар коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн  энгийн арга бол ариун цэврийг сайтар сахих  ёстой гэж үзсэн. Ингэхдээ зөвхөн гарын ариун цэврээс гадна амьдарч буй гэр, ажлын байр, гаднах орчноо  ойр ойрхон  цэвэрлэж, ариутгал,  халдваргүйжүүлэлт хийх нь зүйтээ гэж тайлбарлаж байгаа аж. 

Нөхцөл байдал энэ хэвээр байвал хөл хориог дахин сунгаж болзошгүй

ЭМЯ, Улсын онцгой комисс, Засгийн газар цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч байгаа билээ. Хэдийгээр гадны улс орноос ирсэн иргэдээс халдвар илэрсэн ч тусгаарлалтыг өндөр хэмжээнд хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ачаар  өвчилсөн иргэдийн  биеийн байдал тогтворжиж байгаа. Гэсэн ч иргэдийг хяналт, сонор сэрэмжээ алдалгүй дор бүрнээ анхаарч, тэвчээртэй байхыг  анхааруулсаар байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын онцгой комисс ээлжит хуралдаанаа хийж зарим шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдаанаар их дээд, сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн карентины хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Нөхцөл байдал энэ хэвээр байвал дахин сунгаж ч магадгүй гэдгийг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэлсэн юм.

Сургуулийн карентиныг сунгаснаар ирэх сарын 30-наас хойш даваа гарагаас бямба гараг хүртэл хичээллэнэ.Энэ талаар  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургадугаар сарын 15-ны өдөр  хүртэл үргэлжлүүлээд их, дээд сургуулийн хичээлийн жилийг наймдугаар сарын 15-наас, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна. Их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долдугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон.  Их дээд сургуулиудын элсэлтийг долдугаар сарын 7, 8-ны өдөр зохион байгуулахаар болсон” гэв.

Харин ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг зургадугаар сарын 15-ны өдөр гэхэд үндсэндээ дуусгах бөгөөд бага ангийн сурагчид зургадугаар сарын 6-ны бямба гараг хүртэл хичээллээд амарна. Дунд, ахлах ангийнхан зургадугаар сарын 13-ны бямба гараг хүртэл хичээллэх бол цэцэрлэг тавдугаар сарын 30-наас амрахаар зохицуулалт хийжээ. Харин ЕБС, цэцэрлэгийн багш нарын ээлжийн амралт зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилхээр боллоо. 

Олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх сарын 30-ны өдөр хүртэл сунгав

Мөн Улсын онцгой комиссын хуралдаанаар олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон шийвэрийг дахин сунгараар боллоо. Ингэхдээ Монгол Улс- БНХАУ хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл, Монгол Улс-БНСУ хоорондын нислэгийг гуравдугаар сарын 28-н хүртэл, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Энэ хугацаа мөн л  дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэхээр боллоо.  Төмөр замыг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаан­баатар, Эрхүү-Улаан­баатар, Москва-Улаан­баатар, Эрээн-Улаанбаатар чиглэлийн хувиарт галт тэрэг бүгд зогссон байсныг  ч мөн үргэлжүүлж сунгахаар болжээ. Харин орон нутгийн нислэг, тээвэр хэвийн үргэлжлэх ажээ.  Харин Итали улсад амьдарч буй 300 гаруй иргэн монголдоо ирэх хүсэлт ирүүлээд байгаа аж. Түүгээр ч зогсохгүй бусад улсад амьдарч буй иргэд ч ирэх хүсэлтээ гаргасан талаар  Ө.Энхтүвшин дарга мэдээлсэн юм. Гэхдээ монгол хүн хүсэлт гаргасан улс бүхэн рүү онгоц илгээх боломжгүй. Харин Италиас иргэдээ авчрах асуудлыг ЗТХЯ судална гэдгийг хэлж байлаа.Мөн УИХ-ын хаврын чуулганыг эхлүүлэх эсэхийг нөхцөл байдлыг харж байж шийднэ гэлээ. 

Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг түр хойшлууллаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрөгч ням гарагийн өглөө хуралдсан юм. Хуралдаанаар коронавирусийн Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн, нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд аж ахуй нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдөв. Харин хуралдааны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн карентин,  өндөржүүлсэн бэлэн байдал болон  олон улсын нислэгийг зогсоох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл  дахин сунгах нь баталгаажиж байгаа юм.  Мөн Цагааннуурын боомтоор  орж ирэх иргэдийн тоо ихсэж байгаа учраас гуравдугаар сарын 23-ны 20:00 цагаас хойш оруулж ирэхгүй байх, Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл иргэдээ хүлээж авахаар боллоо. Дарханы замын ажлыг гүйцэтгэх 100 гаруй хятад  иргэнийг хилээр оруулж ирэх асуудал олон нийтийг бухимдуулж байсан бол Засгийн газрын хуралдаанаар тодорхой хугацаагаар  гадаадын ажиллах хүч авахгүй байх шийдвэрийг  гаргажээ.  

Мөн ариутгалын асуудал маш чухал гэж үзэж байгаа учраас Засгийн газраас үндэсний хэмжээнд 14 хоногийн хугацаанд халдваргүйтгэлийн ажил хийх шийдвэр тус тус гаргалаа. Түүнээс гадна халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан.

Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцоллоо.