ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАХН, ИЗНН, МУНН-ууд нэгдэж, “Та бидний эвсэл” байгуулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-23

Улс төрийн сонгуульд ямар тактик барьж орох вэ гэдэг нь тодорхойгүй байсан олон улс төрийн хүчин өнөөдөр нэгдэж, эвсэх шийдвэр гаргаснаа танилцуулж, эвслийн гэрээнд гарын үсэг зурж байна.

Тухайлбал, МАХН-ынхан энэ удаагийн сонгуулиар ИЗНН болон МУНН-тай хамтарч “Та, бидний эвсэл” байгуулснаа өнөөдөр зарлаж, намын дарга нар хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. МАХН-ын Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъян нээлтийн үеэр үг хэлэхдээ “МАХН-ын гуравдугаар сарын 22-ны өдрийн Бага чуулганы 10 дугаар тогтоол, ИЗНН-ын Үндэсний хорооны гуравдугаар сарын 21-ний өдрийн аравдугаар тогтоол, МУНН-ын Улс төрийн зөвлөлийн мөн сарын 21-ний өдрийн 06 тоот тогтоолоор тус тус “Та бидний эвсэл” байгуулагдах шийдвэр гарсан.

Гэрээний хүрээнд улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөдрийн гаж тогтолцоог үндсээр нь өөрчилнө. Эрхзүйт төрт байгууллагыг жинхэнэ утгаар нь эмхлэн байгуулахаар тохиролцож, эвсэлд нэгдэн орсон улс төрийн намууд эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эвсэл нэн тэргүүнд Сонгуулийн тухай хуульд багтсан хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан заалтыг өөрчилнө. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлнэ.

Монгол хүн төр засгийн хамгаалалтад байна, байгалийн баялаг ард түмний дундын өмч байна, Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байна, Бүх шатны шүүгч нарыг ард түмэн шууд сонгоно, Засаглалын хянах эрх мэдлийг бий болгох, Парламент хоёр танхимтай болох, хүн бүхэн заавал дээд боловсролтой байх бөгөөд сургалтын төлбөрийг төрөөс даах гэх мэт асуудлыг Үндсэн хуульдаа тусгах ёстой гэж үзсэн” гэсэн юм.

Харин тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Бидний энэхүү эвслийн зорилго нь монгол хүн Монголдоо сайхан амьдрах нөхцлийг бий болгох, тэдний бий болгосон эдийн засгийг та бидний эдийн засгийн бодлогоор солих болно” гэв. Эвслийн гэрээ зурах үйл явцад улс төрийн намуудын дарга нар ирсэн бөгөөд бусад гишүүд нь онлайнаар оролцож байгаа аж. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр 14 хоногийн тусгаарлалтад байгаа учраас хуралдаа онлайнаар оролцлоо.