ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: УИХ-ыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотгол хийхийг шаардаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-23

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлж, хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх  арга хэмжээг бид дэмжиж байна. Гэвч цар тахал дэлхий нийтэд гарснаас хойш гурван сар гаруйн  хугацаанд эдийн засгийн хямрал бодит байдал болчихлоо.

Ийм нөхцөл байдал үүсээд  байхад Засгийн газар, УИХ хайхрамжгүй  ажилласан гэж дүгнэхэд хүрлээ. Манай намын зүгээс Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ авсангүй. Тиймээс бид Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаагаа  хэлэх нь зүйтэй. Шинэ төрлийн коронавирус гарснаас хойш урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр Засгийн газарт бий гэдэгт итгэлтэй байна.  Эрүүл мэндийн ажилтнууд, иргэд энэ вирусээс урьдчилан сэргийлэх талаар тус тусын арга хэмжээгээ авсаар ирлээ.

АН хамтарч, Улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлж байна. Тухайлбал, ЖДҮ-чдийг дэмжиж, зээл олгох, төсвийн тодотголоо хийж боловсруулж,  УИХ-д оруулахыг санал болгосон. Гэвч Засгийн газар  ийм шийдэл хийсэнгүй. Энэ удаагийн гурав дахь саналыг УИХ-д хүргүүлнэ. УИХ-ын гишүүд цар тахал нэрээр юу хийж явааг нь мэдэгдэхгүй.  Айл өрхүүд хоёр сар гаруй орлогогүй амьдарч байна. Зайлшгүй арга хэмжээ авах нь зөв ч эдийн засгийн хямрал маш том эрсдэлд оруулна. Айл өрх, иргэдийн орлогыг хамгаалах талаар бид шаардлага тавина. Манайхаас бусад орон төсвийн тодотголоо хийгээд, ажлаа хэрэгжүүлж байна. УИХ-ыг яаралтай хуралдуулж, хууль тогтоолын төслөө хэлэлцээч ээ. Цахимаар хуралдуулах зохицуулалтыг яаралтай хийхийг шаардсан” юм.

Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Манай нам  өнгөрөгч бямба гарагт мөрийн хөтөлбөрөө  онлайнаар хэлэлцэж, баталсан. Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө баталж, Адуитын газар хүргүүлэх ёстой. Хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө өглөө. Ардчилсан намд 20 мянга гаруй санал ирснийг ҮБХ-ны шигшиж, баталсан. Түүнээс гадна үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор улс орны нийгэм, эдийн засгийн асуудал хүндрэх байдал ажиглагдсан тул  яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэлээ.

Тэрбээр, Засгийн газар хариуцлагагүй хандаж иргэдээ авахдаа тооцоо судалгаагүй хандаж байна гэж хэлснийхээ төлөө нийгэмд адлуулж байна гэв. Гэсэн ч энэ байр суурьнаасаа ухрахгүй бөгөөд яг эх орондоо ирэх зорилтод хүмүүсээ тусгай үүргийн онгоцоор авч байна уу гэдгийг хэд хэдэн улсын Элчин сайдын яамнаас тодруулсан ч энэ талаар мэдээлэл алга байжээ. Тиймээс зорилтод гэхээс илүү зорилготой хүмүүсийг төрийн мөнгөөр зөөж байна уу гэх болгоомж байна гэлээ.