ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн бүртгэлтэй дансанд шилжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-23

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ногдол ашигтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж байна.  Мөн "Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэдий ч “1072 Хувьцаа мэдээллийн төв”-д хандаж буй иргэдийн тоо ихэслээ.

Энэ сарын 16-наас 23-ны хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 8127 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 637 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28.783 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 65.512 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан" гэв.

Түүнчлэн "Тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулж, бүртгүүлнэ" гэсэн юм. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК–ийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн биржид  нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэх аж. Харин өв залгамжлах эрхийн гэрчил­гээгээр үнэт цаасыг шилжүүлэх харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах боломжтой юм байна.