ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

30 жил ярьсан ч байрнаасаа хөдлөөгүй ядуурал

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-25

Ядуу ард түмэн ардчилсан нийгмийг байгуулж чаддаггүй гэдэг үг оргүй хоосон биш бололтой. Ардчиллын замд ороод 30 жилийг үдэхэд монголчуудын гуравны нэг нь ядуу гэх тоо өөрчлөгдөөгүй байгаа нь үүний баталгаа болох бизээ. Ядуурлыг бууруулах тухай сэтэртэн болгон ярьдаг ч өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ядуу гэх баримт байрнаасаа хөдөлсөнгүй, харамсалтай нь. Монгол Улс хөгжихгүй байна уу гэвэл үгүй. Жилээс жилд тэнгэр багаднасан барилга байгууламж хэдэн арваараа нэмэгдэж,  хүн бүр хувийн өмчтэй, байртай, машинтай, газартай бас хүссэн улс орон руугаа зорчих, тэндээ очоод ажил хөдөлмөр эрхлэх боломж нь нээлттэй байна. Хот хөдөөгийн ялгаа бараг арилж, тайгаас интернетэд холбогдон, малчны хотноос дэлхийн дахины мэдээ мэдээллээс цаг ч хоцрохгүй байгаа нь хөгжил мөн үү гэвэл мөн. Гэвч ядуурлын хэмжээ л харин байрнаасаа огт хөдлөөгүй нь гайхмаар биш гэж үү. Саяхан нүүр номын нэгэн найз маань монголчуудыг ядуурлаас гаргах бус ядуу байлгах бодлого хэрэгжээд байгааг шүүмжилсэн байна билээ. Энүүхэндээ гэхэд энэ үг ч дэмий үг биш юм. Ядуу л байвал хүн бүхэн хөөрхийлж, төрөл бүрийн халамж мөнгө тараана. Ядуу л бол бүгд өрөвдөн хайрлаж, төрөл бүрээр дамжинэ. Харин амьдралаа дээшлүүлж, ядуусын эгнээнээс гарахаар зүтгэхэд төрөл бүрээр хясна. Найз нөхөд, ах дүү, амраг садны атаа жөтөөгөөс эхлээд төр, төрийн үйлчилгээ, элдэв хяналт шалгалт, сараар биш өдрөөр бий болно.

Ядуусын эгнээнээс гарахаар зүтгэж буй хэн бүхэнд зориулсан ЖДҮ-г эрх мэдэлтнүүд нь булаачихна. Ядуу давхаргад чиглэсэн төрөл бүрийн халамж нь ядуурлаас гаргах бус эсрэгээсээ ядуу байх нь ажил хийж биеэ зовоож мөнгө олохоос хавьгүй дээр гэх бэлэнчлэх сэтгэлгээг суулгаад байх шиг. Бэлэн мөнгөөр “угжаад” ядуурлыг бууруулдаг бол өнөөдөр Монголд нэг ч ядуу хүн байхгүй болох хугацаа хэдийнэ өнгөрсөн. Гэвч Монгол төрийн бодлого халамжийг хавтгайруулж, бэлэн мөнгөөр “угжсан” хэвээр. Мөнгөөр тэтгээд ядуурлаас гарахгүй гэдгийг үе үеийн төрийн түшээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ойлгосонгүй юу эсвэл иргэдийг ядуу байлгах сонирхол тэдэнд байна уу гэдэг бодох л асуудал. Ядуу хүн л 20 мянган төгрөгөөр үзэл бодлоо, саналаа худалдана. Учир нь ядуу хүнд улс орны ирээдүй, төрийн эрхийг хэн барих вэ гэдгээс илүү хоногийн хоолоо залгуулах өнөө маргаашийн асуудал чухал. Тиймээс л тэд жижигхэн зүйлд амархан хууртаж, “ноолоход номхон тэмээ” байдаг. Тиймээс л ядуу байлгах сонирхол улстөрчдөд байхыг үгүйсгэхгүй. Тиймгүй бол халамжийг хавтгайрууллаа гээд бэлэнчлэх сэтгэлгээ газар авч, ажилгүйдэл улам нэмэгдэнэ үү гэхээс ядуурлаас ангижрахгүй гэдгийг ойлгох хангалттай хугацаа өнгөрсөн.

Ерөөс ядуурал гэгч эдийн болон араншлын гэсэн хоёр төрөлтэй байдаг. Эдийн ядуурал нь тухайн орны төр засгаас баталсан орлогын доод хэмжээнээс бага орлоготой байхыг хэлдэг бол араншлын ядуурал гэдэг нь арчаагүй байдал, ажлын ёс зүйн доройтол, сурч мэдэх тэмүүллийн хомсдол, үр хүүхдээ асран хүмүүжүүлэх хүсэлгүй буюу чадваргүй байдал, гэмт хэрэг, архины дон гэх мэт нийгмийн гажуудлыг хэлдэг байна. Тэгвэл Монголд ажлын байр байхгүй учраас иргэд ядуу байгаа юм уу. Үгүй. Олон зуун ажлын байр байгаа хэдий ч ажил олгогчийн шаардлагад нийцэх  ажлын ёс зүй, хариуцлагатай хүн олдохгүй байгаад гол учир нь бий гэхэд хэтийдсэн болохгүй. Эдийн ядууралд орсон хүн ажил гололгүй идэвхитэй хайж, олсон ажилдаа тууштай хөдөлмөрөлдөг бол араншлын ядууралд өртсөн хүн наад захын хөдөлмөрийн сахилга бат, мэргэжлийн ёс зүйг сахиж чадахгүй, санхүүгийн хувьд туйлын хариуцлагагүй зэрэг онцлогтой байдаг аж. Эндээс үзэхэд монголчууд эдийн гэхээсээ илүү араншлын ядууралд нэрвэгдчихээд байгаа нь хэнд ч илт. Тиймээс л эдийн ядуурлаас гаргах гэж мянга  халамж тараалаа ч ядуурлын хэмжээ буурахгүй байгаа шалтгаан нь энэ байж болох юм.

Өөрөөр хэлбэл, асуудал мөнгөний хүрээнээс хэдийнэ хальж, нийгмийн асуудал болж хувирчээ. Хүний хэрэгцээний таван эрэмбийн хамгийн доод талынх нь буюу амьд явахын тулд шаардагдах физиологийн анхдагч хэрэгцээгээ хангамагц дараа дараагийн хэрэгцээнүүдээ эрэмбэлэн хүсч биелүүлдэг байна. Харин удаан хугацаанд ядуу байхад дээд эрэмбийн хэрэгцээнүүд нь үхжиж, гагцхүү доод эрэмбийн хоёр хэрэгцээ болох амьд байхын тулд өлсөхгүй байх хэрэгцээ давамгайлж, хүн “хүнээ алдах” явдал үүсдэг аж. Тэгвэл төрөөс ядууст бэлэн мөнгө тараах нь энэ процессыг улам бүр эрчимжүүлдэг болохыг араншин судлаачид онцолсон байна. Олон зуун дипломтой залуус ажил голж, гараа хумхин суугааг та бид мэднэ. Учрыг нь олж хийж сурахаасаа өмнө голж шилдэг, залхуурч  хялбарчилдаг, нүд хуурах сэтгэлгээтэй, ажлын цаг баримталдаггүй, цалин авсан бол түүнийгээ хэмжээнээс үл хамааран даруй үрж дуусгадаг, архидаж ажил хаядаг, ажлын материал, сан хөмрөгөөс хулгай хийдэг, нэг ажилд тогтвортой удаан хөдөлмөрлөх чадваргүй, биеэ үл зовоон их мөнгө гэнэт олох хүсэлтэй гэх мэт бидний мэдэх танил эдгээр “хам шинжүүд” бүгд араншлын ядуурлын илрэл ажээ. Эхлээд араншлын ядуурлаасаа салаагүй цагт ажлын байрыг нэмэгдүүлбэл аяндаа ядуурал буурна гэдэг арга ч тусыг олохгүй нь ойлгомжтой. 

Эрх чөлөө, ардчилал хоёр ахан дүүс гэдэг. Тэгвэл бид эрх чөлөөт Монгол Улсын иргэн байхын төлөө Монголын ардчилсан төрийг сахиж, Монголын төр ардчилсан байхын тулд ард түмэн нь чинээлэг, соёл боловсролтой, эрүүл, өнөр байх ёстой юм. Ядуурал гэдэг зөвхөн мөнгөгүйдэл биш нийгмийн олон эмгэгүүдийн хуримтлал тул тал бүрийн “эмчилгээ” шаардлагатай нь тодорхой. Чухам ямар эмчилгээ байх вэ гэдгийг зөв оношилж, тохирох эмчилгээг хийж чадвал сая бид жинхэнэ ардчилсан нийгэмтэй хөгжингүй улс болж чадах бизээ. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эдийн болон араншлын ядуурлыг ялгаж салгаж, тэдгээрийн тус бүрт нь зохих “эмчилгээ” хийх гэдэг нь ойлгомжтой. Харин бэлэн мөнгөөр “угжиж”, ядуу байхыг дэмжсэн халамжууд лав ядуурлын эмчилгээ биш гэдэг нь одоо хэнд  ч тодорхой юм.