ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улс төрийн 15 нам бие дааж сонгуульд өрсөлдөнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-25

2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвслүүд энэ сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэн хянуулах ёстой. Үндэсний Аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис "УИХ  сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 5-д ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан байдаг.  Өөрөөр хэлбэл,  сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалд нийцсэн байх ёстой. Мөн хэрэгжүүлэх арга хэмжээ, хөтөлбөр нь Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын хуулийн тусгай шаардлагуудад нийцсэн байх ёстой. Эдийн засгийг савлуулах янз бүрийн амлалт өгч, сонгогчдын саналыг худалдаж авахаас хамгаалсан заалт бий. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох хүсэлтэй байна. Тэдгээрээс 12 нам,  дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж сонгуульд оролцоно. Нийтдээ 19 мөрийн хөтөлбөр ирсэн” гэв.