ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Өнөрбаяр: Ямар ч тохиолдолд Үндсэн хууль хэрэгжих ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-26

Хуульч Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэлээн хэдэн заалт 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр байгаа. Тухайлбал, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал юм. Өмнө нь Засгийн газрын гишүүн нэг бүрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталдаг байсан бол өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлээд, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилдог болж байгаа. Засгийн газрын шинэ гишүүн тангараг өргөнө. Тиймээс Ерөнхий сайд тавдугаар сарын 25-наас өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийн төслийг УИХ-руу оруулах ёстой. Мөн Засгийн газрын гишүүний тангаргийн төсөл бэлэн болсон байх ёстой. Монгол Улсын түүхэнд анх удаа Засгийн газрын гишүүн тангараг өргөх гэж байгаа учраас тангаргийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах ёстой гэж би харж байна.Одоогийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй буюу УИХ, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа. Үндсэн хуулийн шинэ нэмэлт мөрдөгдөөд эхлэхээр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд давхар дээлтэй байж болох юм. Ерөнхий сайд аль дөрвөө авч үлдэхээ шийдэх эрхтэй. Ямар ч тохиолдолд Үндсэн хууль хэрэгжих ёстой. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэхгүй бол Засгийн газрын гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа ажил нь Үндсэн хуульд нийцэхгүй болно” гэлээ.