ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл НДШ-ийг тэглэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-27

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өглөө. Тэрбээр “Шинэ төрлийн Коронавирусийн халдвар тархаад багагүй хугацаа өнгөрлөө. Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдсэн. Өвчтөнүүдийг би Ерөнхий сайдын зүгээс Монгол Улсын иргэний амь насыг нэн тэргүүнд хамгаалах, хоёрдугаарт эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж ажиллах хоёр чиглэлд анхаарч байна. Коронавирусийн халдвар хяналтад байна. Коронавирусийн асуудлаар Засгийн газар арван удаа, УОК нийт 14 удаа хуралдлаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс амгалан тайван байна. Төрийн удирдлагын байгууллагууд ард иргэдийн хүчээр коронавирусээс урьдчилан сэргийлж хамгаалж өнөөдрийг хүрлээ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан хөл хорионы шийдвэрийг иргэд дагаж мөрдөх ёстой. Коронавирус гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч хяналтад авч чадсан. Өвчлөлийг дэлгэрүүлэхгүй байхад анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд нөхцөл байдал хүндрээгүй. Эрсдэлээ тооцож хүн бүр сонор сэрэмжтэй байх нь Ерөнхий сайдын зүгээс хүсч байна. Бид цөөхөн хүн амтай. Ард иргэдийн ухамсар, дэмжлэг энэ өвчнийг дэлгэрүүлэхгүй байхад маш их тусалж байгаад баярлаж буйгаа илэрхийлье. Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас боломжтой бүхий л нөхцөл байдлаа дайчлан ажиллаж байна. Энэ өвчинтэй тэмцэн ажиллаж буй төрийн байгууллагуудыг дэмжих талаар  анхаарлаа. Засгийн газрын улсын нөөц хөрөнгөнөөс эм эмнэлгийн хэрэгсэлд 17 тэрбум төсөвлөсөн. Мөн нэн шаардлагатай тусламжид 20.3 тэрбумыг зарцууллаа. Мөн 159 тэрбумын санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллага холбогдох байгууллагуудад зарцуулна. Хөдөлмөр хамгааллын хувцас, эм эмнэлгийн хэрэгсэлд зарцуулна. Засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 200 тэрбумыг гаргаж байна. Эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа хамгаалахад тодорхой арга хэмжээ авахад анхаарч байгаа.  Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа” гэлээ. Мөн  “Хуралдаанаар дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-н хүртэл НДШ-ийг ААН-үүдийг тэглэж байна. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-н хүртэл цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-н хүртэл 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй. Ажлын байрыг хадгалж буй хувийн аж ахуй нэгжүүдэд гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгоно, малчдад гурван хувийн хүүтэй гурван тэрбумын зээл олгоно. Бүх шатны боловсролын байгууллагыг түр зогсоосонтой холбоотойгоор гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны литр тутамд тодорхой хэмжээнд бууруулна. Дээрх арга хэмжээнүүдэд нийт таван их наяд төгрөг зарцуулж байна” гэсэн юм.  Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой Зээлийг тэглэх асуудлаар арилжааны банкны удирдлагуудтай уулзсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч аж ахуй нэгж бизнес эрхлэгч албан хаагчдын нөхцөл байдал хүндэрч байна. Арилжааны банкууд Монгол банкнаас тусдаа байгууллага. Тиймээс арилжааны банкуудад хүсэлт тавьсан. Монгол банк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой . Хүүгээ бууруулах ёстой. Өнөөдрийн байдлаар УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох асуудал байхгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх  хэлсэн бөгөөд Засгийн газар огцрохгүй хэмээн мэдэгдлээ.