ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ДЭМБ коронавирусийн асуудлаар цахим хурал хийлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-28

ДЭМБ “БНХАУ-ын коронавируст халдвар (COVID-19)-ын хариу арга хэмжээний туршлага” цахим хурал зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд, ТНБД, яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, тархвар зүйн болон эмнэлзүйн зөвлөх баг онлайнаар холбогдсон байна. Цахим хурлаар БНХАУ-д халдвар хамгийн өндөр тархсан Шанхай, Хубэй, Үхань хотын эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт, оношилгоо, эмчилгээ, тархалтыг хязгаарлах, сэргийлэх чиглэлээр туршлагаа дэлхийн бусад орнуудад хуваалцжээ. Тухайлбал, коронавируст халдвар (COVID-19)-ын дэгдэлтийн үед тохиолдол болон хавьтлын судалгаа хийх, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, аялалтай холбоотой арга хэмжээ, гадаад орчны хяналт, хувийн хамгаалах хэрэгслэлийг хэрхэн хэрэглэх, эмчилгээ оношилгооны зааврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Цахим хуралд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус, ДЭМБ-ын НДББ-ын дарга Такаши Касей нар онлайнаар холбогдож үг хэлжээ.