ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн ажилтан бүрт 200 мянган төгрөг олгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-30

-Ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөд  ХАОАТ ногдуулахгүй-

Засгийн газар энэ сарын 27-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, онцгой цаг үед яаралтай авч хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэн болон аж ахуйн нэгжүүдэд хандаж, өнгөрөгч баасан гарагт мэдэгдэл хийлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаад багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улсад  коронавирусийн халдварын 12  тохиолдол бүртгэгдсэн.  Ерөнхий сайдын  хувьд Монгол Улсын иргэний амь насыг нэн тэргүүнд хамгаалах, дараа нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж ажиллах хоёр чиглэлд анхаарна. Халдвар хяналтад байна. 

Коронавирусийн асуудлаар Засгийн газар арван удаа, УОК нийт 14 удаа хуралдлаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс амгалан тайван байна. Төрийн удирдлагын байгууллагууд ард иргэдийн хамтын хүчээр коронавирусээс урьдчилан сэргийлж хамгаалж өнөөдрийг хүрлээ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан хөл хорионы шийдвэрийг иргэд дагаж мөрдөх ёстой юм.

Вирус гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч хяналтад авч чадсан. Өвчлөлийг дэлгэрүүлэхгүй байхад анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлсний үр дүнд нөхцөл байдал хүндрээгүй. Эрсдэлээ тооцож, хүн бүр сонор сэрэмжтэй байхыг хүсч байна. Бид цөөхөн хүн амтай.

Ард иргэдийн ухамсар, дэмжлэг  өвчнийг дэлгэрүүлэхгүй байхад маш их тусалж байгаад баярлаж буйгаа илэрхийлье. Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас боломжтой бүх нөхцөл байдлаа дайчлан ажиллаж байгаа. Энэ өвчинтэй тэмцэн ажиллаж буй төрийн байгууллагуудыг дэмжих талаар  анхаарлаа. Засгийн газрын улсын нөөц хөрөнгөнөөс эм, эмнэлгийн хэрэгсэлд 17 тэрбум төсөвлөсөн. Нэн шаардлагатай тусламжид 20.3 тэрбумыг зарцууллаа.

Мөн нэмж 159 тэрбумын санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллага холбогдох байгууллагуудад зарцуулна. Хөдөлмөр хамгааллын хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулна. Засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 200 тэрбумыг гаргаж байна. Эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа хамгаалахад тодорхой арга хэмжээ авахад анхаарч байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас дараах долоон арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон талаар Ерөнхий сайд мэдэгдэлдээ дурдсан билээ. Тодруулбал, 

  • Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх
  • Дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст  ХАОАТ ногдуулахгүй байх
  • Дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх
  • COVID-19-ын тархалт, халдварын эрсдэлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох
  • Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох. Шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
  • Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох

2020 оны ирэх сарын 15-наас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлнэ гэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5.1 их наяд төгрөг шаардагдана хэмээн тооцоолжээ.