ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Элит”-үүд өрсөлдөх хатуу тойрог

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-30

Сонгууль болоход ердөө хоёр сар 25 хоног үлдэв. Хуулийн дагуу нэр дэвшигчдээ албан ёсоор зарлах хугацаа дөхсөн энэ цаг үед нэр дэвшигчдээ хаана “зоох”, хэнийг хэнтэй “тулгах” вэ гэдгээ нам дотроо хэдийнэ тодорхой болгочихсон. Энэ удаагийн сонгуулийг УИХ-аас томсгосон мажоритар системээр явуулахаар болсон билээ. Ингэхдээ нийт нутаг дэвсгэрийг 76 тойрогт хувааж, намууд 52 хүнээ хөдөө, 24 хүнээ нийслэлд “сойх” юм. Сонгуулийн “газрын зураг” өөрчлөгдсөнтэй холбог­дуулж, нэр дэвшигчид болон тойргуудын дунд хөдөлгөөн орсон.

Мэдээж горилогчид бол зуу, зуугаараа. Харин мандат ердөө 76. Өнгөрсөн дөрвөн жил тойргоо “тордсон” хүмүүс архаг улстөрчиддөө мандатаа алдах, танигдаагүй учраас энэ удаа дахиад өнжих нөхцөл байдал ч аль, аль намд үүссэн тухай шуум гарч байна. Мажоритар тогтолцоо нь намын нэр хүнд унасан эсэхээс үл шалтгаалж тухайн нэр дэвшигч нь сайн харизмтай байх эсвэл хөрөнгө гаргаж сонгогчдыг худалдан авах санхүүгийн чадавхтай бол сонгогдох магадлалыг нэмэгдүүлдэг онцлогтой.

МАН-ын нэр хүнд навс унаж, сонгогчид Засгийн газрыг хэчнээн муулж байвч тухайн гишүүн өөрийн тойрогтоо төсвөөс хөрөнгө оруулалт татсан, өөрөө ч тогтмол ажилласан харилцааны ур чадвартай бол сонгогдох магадлал өндөр болно. Тиймээс өнгөрсөн хугацаанд МАН-ын 64 бараг бүгдээрээ тойргийн хөрөнгө оруулалт дээр “зодолдсон” болов уу. 

Сонгууль бүрийн өмнө л хэн хаана нэр дэвших, сонгогчдод “таалагдах” нэр дэвшигчид хэн байх вэ гэсэн таамаг өрнөдөг. Тэгвэл 2020 оны сонгуульд хэчнээн нам оролцох вэ гэдэг нь Үндэсний аудитын газарт хүргүүлсэн мөрийн хөтөлбөрөөс тодхон болов. Харин хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь зөвхөн таамаг төдий яригдаж, “тойрог” горилсон зарим нь ч тест тавиад эхэлжээ. Манай сонин өнгөрөгч сараас эхлэн аль тойрогт хэн хэн нэр дэвших магадлалтай талаар сонгогчдод мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа хотын төвийн “хатуу” гэгддэг Сүхбаатар дүүрэгт МАН, АН-аас хэн, хэн өрсөлдөх талаар таамаг бичлээ.  
МАН өмнөх бүрэлдэхүүнээрээ “дайрна”

Хотын төвийн, хүмүүсийн нэршлээр “А” зэрэглэлийн дүүрэг гэдгээрээ Сүхбаатар дүүрэгт ихэвчлэн улс төрийн хүрээнд “элит” гэж нэрлэдэг хүмүүс өрсөлддөг. Хөрөнгө мөнгөөр бус харин мэдлэг боловсролоор тэд “элит” гэдгийг онцлох нь зүйн хэрэг биз. Мөн сонгогчдын боловсрол, улс төрийн идэвхи дээгүүр учраас намууд энэ дүүрэгт аль болох шилдгүүдээ “зоодог” хуультай.

Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт МАН-аас одоогийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нар өрсөлдөж үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тэгвэл энэ удаад ч мөн намдаа үнэмлэхүй ялалт авчирсан хоёр ч хүн тойргоо хамгаалж үлдэх сурагтай.

Харин АН-аас 2016 онд мөн л тус намын лидерүүд болох Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, М.Батчимэг, Б.Мэдрээ нар өрсөлдсөн боловч өвдөг шороодсон түүхтэй. Тэгвэл ирэх сонгуульд өмнөх сонгуульд “тулсан” хоёр том намын нэр дэвшигчид бараг өөрчлөгдөхгүй байх магадлалтай. Эрх баригч намаас өмнөх сонгуулиар  ялалт авчирсан Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нарыг дахин сойхоор бэлтгэж байгаа гэх.

Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа мандатын тоо буурна гэдгийг тооцсон уу, эсвэл төрсөн нутагтаа очих нь зөв гэж бодсон уу Ховд аймгийг тойглох болж, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой дөрөө харших болоод удаж буй. Тэгэхээр Ардын намын тухайд энэ тойрогт хоёр том улстөрчөө дагалдуулж, залуу үеийн төлөөллөөс нэг эмэгтэй нэр дэвшигчийг өрсөлдүүлэх болов уу гэсэн таамаг байгаа юм. Тэр нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа байх магадлалтай гэдгийг албан бус эх сурвалж хэллээ.

Учир нь Х.Булгантуяа Хан-Уулд өрсөлдөх хүсэлтэй байсан ч энэ тойрогт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байгаа учраас Х.Булгантуяа хоёр том сайдыг дагаж, энэ тойрогт очих магадлалтай аж. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболдын тухайд өнгөрсөн дөрвөн жилд нэг ч удаа хуралдаа суугаагүй. Тойргийн иргэдтэйгээ ч уулзалт зохион байгуулаагүй юм. Ихэвчлэн эмнэлгийн чөлөөтэй байсан билээ. Тиймээс энэ удаад тойрогтоо очих нүүргүй болоод байгаа. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ жилийн сонгуулийг өнжих үү, эсвэл Говьсүмбэр, Дундговийн тойрогт Г.Мөнхцэцэгтэй дөрөө харших уу гэдгээ ярьж байгаа гэх.

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд УИХ-д анх удаа сонгогдсон хэдий ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чамгүй сайн ажилласан юм. Хоёр ч удаа салбарын сайдын ажлыг нэр төртэйгөөр хийчихсэн. Хилийн чанад дахь дипломатуудын асуудал, оффшор бүсэд хамаатуулж харлуулсан гэдгийг эс тооцвол энэ хугацаанд тойргоо бүрэн төлөөлжээ.

Намаас нь урьдчилж хийлгэсэн судалгааны дүнгээр Засгийн газрын гишүүдийн рейтинг доогуур гарсан бөгөөд дахин сонгохгүй гэсэн жагсаалтад нэлээд дээгүүр явж байсан гэх яриа ч бий. Тиймээс энэ удаагийн сонгуулийг өнжиж, нам ялсан тохиолдолд сайдын суудал авах тохироо ч хийгдэж мэднэ. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хувьд гурван ч удаа сайдаар томилогдож байсан туршлагатай улстөрчдийн нэг. 2004-2008 оны сонгуульд мөн л сүхбаатар­чуудын итгэлийг хүлээн сонгогдсон. Гэвч алдарт хар өдөр болох долдугаар сарын 1-ний үймээний үед Хуульзүйн сайдаар ажиллаж байснаараа багагүй адлуулж, 2012 онд ялагдал хүлээж байлаа.

Намдаа лидерт тооцогдох боловсролтой, гадаад дотоодод сурч галуу шувууны мах идсэн нэгэн гэдгээрээ “А” зэрэглэлийн дүүрэгт дахин өрсөлдөхөд болохгүй гэх зүйлгүй гэж нам нь түүнд итгэсэн бололтой. Өнгөрсөн дөрвөн жил тойргоо хангалттай “усалсан” билээ. Түүний хувьд Москвад Олон улсын харлицааны дээд сургууль, олон улсын хуульч, Харвардын их сургуульд хуулиараа магистр хамгаалсан. Хууль зүй дотоод хэргийн сайдаар хоёр удаа томилогдож, Гадаад харилцааны сайдаар нэг удаа томилогдон ажилласан учраас чанга өрсөлдөгч байх нь мэдээж. 

АН-ынхан энэ удаа “хүч нэмэгдүүлэх” тактик барьжээ 

Тэгвэл энэ удаагийн сонгуульд АН өмнөх багаа шат ахиулан оруулж байгаа гэх. Боловсролын сайд асан Лу.Гантөмөр, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нар нэр дэвшихээр зэхэж байгаа гэх. Мөн ЕТГ-ын дарга асан З.Энхболд болон АН-ын дэд дарга Х.Тэмүүжиний нэр дуулдаж байсан ч Х.Тэмүүжин өнөө жил тойргоо сольж, төрсөн нутаг Төв аймагтаа өрсөлдөх бол АН-ын даргын зөвлөх З.Энхболд ч төрөлх нутаг Өвөрхангайг тойглож эхэлсэн аж.

Сайд асан Лу.Гантөмөрийн хувьд 2004, 2008, 2012 онуудад энэ дүүргээс сонгогчдын итгэлийг хүлээсэн. Гэвч сайдаар ажиллах явцдаа “МҮҮН”-ий шашин зэрэг олон асуудалтай нэр холбогдсон учраас дүүргийнхэн нь өмнөх сонгуулиар итгэл хүлээлгээгүй юм. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай 62 дугаар тойрогт өрсөлдөж, ялагдал хүлээж байв. Харин С.Эрдэнэболдын хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 2017 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа залуу үеийн төлөөлөл. 2006 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн бөгөөд АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байжээ. "Эзэнт гүрний туульс" номын зохиолч гэдгээр номын нөхөд нь андахгүй биз ээ.

Энэ удаа түүнд боломж олдох эсэхийг тааж бичих эрт. Учир нь өмнө хэлсэнчлэн, Ардын намаас ч ялгаагүй дандаа гадаадад өндөр боловсрол эзэмшсэн “элит” улстөрчид өрсөлдөх учраас хэн илүү танигдсан нь ялгарч гарч ирэх нь дамжиггүй. Тус дүүрэгт нэр нь яригдаж буй сөрөг хүчний хүчирхэг өрсөлдөгч бол УИХ-ын гишүүн асан Р.Амар­жаргал.

Өмнөх сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшихээр зэхэж байсан ч намын бодлогын хүрээнд эмэгтэйчүүддээ боломж олгох үүднээс нэрээ татсан нь Сү.Батболдод “бэлэг” болсон гэхэд болно. Магадгүй 2016 оны сонгуулиар Сү.Батболдын эсрэг М.Батчимэг бус Р.Амаржаргал өрсөлдсөн бол хүч тэнцүү үзүүштэй сонгууль болох байсан гэдэг нь оргүй үг биш. Ямартай ч энэ удаа Р.Амаржаргал МАН-ынхны хувьд гол өрсөлдөгч байх нь дамжиггүй.

Тэрбээр, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан туршлагатай улс­төрч. Боловс­ролын хувьд Канад, ОХУ, Нидерланд зэрэг орнуудад эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан эдийн засагч мэргэжилтэй нэгэн юм. 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж тус дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдож, ажилласан.

Харин нөхцөл байдлаас шалтгаалж, энэ тойрогт ирэх магадлалтай гэгдэж буй зөвлөх З.Энхболдын тухайд УИХ-ын даргаар ажиллаж байсан парламентын лидер улстөрчдийн нэг юм. Тэрбээр, 2016 оны сонгуульд Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн ч МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцанд ялагдсан.

Хэрвээ ирэх сонгуульд Сүхбаатарт дүүрэгт өрсөлдвөл хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь ойлгомжтой. Ирэх сонгуульд улс төрийн хоёр том намын сойж буй гэх эдгээр нэр дэвшигчдээс харахад МАН өмнөх багтаа итгэл дүүрэн байгаа бол АН өрсөлдөгчдөө дутуу үнэлснээ ойлгож энэ удаа багийнхаа хүчийг нэмэгдүүлж байгаа бололтой юм. Харин “ШИНЭ” эвсэл, “Та бидний эвсэл”, ХҮН намын эвслээс энэ тойрогт хэнийг өрсөлдүүлэх нь одоогоор тодорхой бус хэвээр байна.