ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Мөнхтүшиг: МИАТ-ийн ажилчид авлига аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-30

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб”-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Энэ сарын 30-ны байдлаар дэлхийн 45 бүс нутгаас 5600 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. УОК-оос шийдвэрлэсний дагуу ирэх сарын 2-ны өдөр Сөүлээс, ирэх сарын 3-ны өдөр Токио хотоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа бэлтгэл ажлаа хангасан. Өмнө нь УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Истанбул, Москва, Берлин чиглэлээс ирэх хүсэлтэй Монгол Улсын иргэдийг тодорхой шалгуур тавьж, Элчин сайдын газар болон Консулын газраас бүртгэл хийсэн. Энэ бүртгэл нь нэг онгоцоор хязгаарлаагүй. Өөрөөр хэлбэл, эхний удаа тусгай нислэгээр иргэдийг авч ирэхээр бүртгэл явуулахад Сөүл дэх Элчин сайдын яаманд хоёр хоногийн турш 500 гаруй хүн өөрийн биеэр оочирлож байгаад бүртгэлээ хийлгэсэн. Тиймээс удаагийн нислэг нь шинээр иргэдийг бүртгэж аваад авч ирэх гэж буй явдал биш. Өмнө нь буюу арав гаруй хоногийн өмнө бүртгүүлчихсэн байсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг очиж авах гэж байгаа хоёр дахь нислэг гэж ойлгох нь зүйтэй. Элчин сайдын яам шинээр бүртгэхгүй, хүсэлт авахгүй утсаа авахгүй байна гэх маш их шүүмжлэл гарч байна. Өмнө нь бүртгүүлсэн хүмүүсийн нэрийг МИАТ компанид өгөөд билет бичээд явж байгаа. Билет бичих явцад ямар нэгэн шалтгаанаар билет авахгүй гэх асуудал гарч байгаа. Иймд  бүртгэлд байгаа хүнийг шилжүүлэх байдлаар зохицуулж байна.Үүнд Элчин сайдын яамны ажилчид болон МИАТ компанийн ажилчид ямар нэгэн байдлаар авлига аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Түүнчлэн Токио дахь Элчин сайдын яаманд транзитаар дамжаад АНУ, Канад зэрэг орноос ирэх хүсэлтэй олон иргэд байгаа. Бид бүх хүсэлтийг ойлгож, мэдэрч байна. Токио дахь Элчин сайдын яаманд мөн ялгаагүй арав гаруй хоногийн өмнө эхний тусгай үүргийн онгоцоор 250 иргэдийг татан авахад бүртгэл хийлгэчихсэн байсан хүн 700 гарсан. Иймд бүртгэл зогссон. Ирэх сарын 3-ны онгоцоор Токиогоос ирэх хүмүүс нь өмнө нь бүртгүүлсэн байсан. Бид дарааллынх нь дагуу МИАТ компанид нэрсийг нь өгч байна. Шилжүүлсэн бүртгэлийн дагуу МИАТ компаниас тухайн зорчигчидтой нэг бүрчлэн холбоо тогтоогоод баталгаажуулаад явж байна" гэсэн мэдээллийг өглөө.