ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэ”-ийн вант улсад өнөө жил хэн илүүрхэх вэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-01

Тойргийн тандалт: Баянгол дүүрэг

 

Баянгол дүүрэг Улаанбаатар хотын хэмжээнд хөгжлөөрөөнэлээд дээгүүр эрэмбэлэгддэг. Орон сууцны хороолол давамгайлсан байхаас гадна иргэдийн ажиллах, амьдрах нөхцөл бусдаас хувь илүү. Тухайлбал, бие даасан нэгдсэн болон хүүхдийн эмнэлэгтэй. Хүүхэд хөгжлийн тусгайлсан ордонтой. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай хэмээн тоочоод байвал олныг нэрлэж болно. Тус дүүргийн хөгжилд улс төр намын оролцоо их байсан ч тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүнийн үүрэг оролцоо өндөр билээ.

Тэр дундаа АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хийсэн, бүтээсэн нь илүү учраас “Эрдэнэ”-ийн вант улс хэмээн нэрлэж ирсэн. Гэхдээ энэ нь муулах гэхээс илүү тухайн улстөрчийн энэ дүүрэгт хийсэн бүтээсэн, байгуулсан ажлыг хүлээн зөвшөөрсөн нэршил болов уу гэхэд хэтийдэхгүй. Энэ удаагийн оны сонгуулийн хувьд ч гэсэн улс төрийн хоёр том намуудын дунд гол өрсөлдөөн болох бөгөөд хэн нь ялалт байгуулах вэ гэдэг нь  зөвхөн иргэдийн сонголтоос хамаарах билээ. Ингээд тус дүүрэгт нэр дэвших улстөрчдийг “Тойргийн тандалт” буландаа онцолж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэ жилийн сонгуулийг өнжих үү 

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, А.Ундраа нар дэвшиж ялалт байгуулж байлаа. Гэвч тухайн оны УИХ-ын сонгуулийн гол “пиар” ньанх удаа нэр дэвшиж байгаа залуу улстөрчдөд боломж олгох ёстой гэсэнуриалга давамгайлж байсан учраас Баянгол дүүрэг ч гэсэн энэ зарчмаас хазайгаагүй юм. Тиймээс улс төрд өдгөө долоон удаа сонгогдсон, нэг ч удаа “өвдөг шороодоогүй”Д.Лүндээжанцан гишүүн ялалт байгуулахын зэрэгцээ намынхаа хоёр залуу улстөрчдийг парламентад суух гавьяатай болгосон гэхэд болно. Түүний нөмөр нөөлөг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, А.Ундраа нарт чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Өөрөөр хэлбэл, сайн ахын нэрээр улстөрд яваа орж ирсэн гэхэд болно. Д.Лүндээжанцан гишүүний хувьд залуу улстөрчдөд шат ахих боломжийг олгохдоо мэргэшсэн ч тухайн тойргоо тойглох, хөгжүүлэх, бүтээн байгуулалт хийхдээ тааруухан нэгэн. Зөвхөн туршлагатай, гүндүүгүй, хээгүй, элдэв асуудалд цөөхөн нэр холбогдсон гэсэн ганцхан хэмжүүрээр парламентад долоон сонгогдох эрхээр шагнуулсан байдаг. Өвөрхангай аймагт дөрвөн жил очихгүй явж байгаад л сүүлийн жил айл бүрээр ганц машинтай ороод л тамхи татаж, өвгөд хөгшидтэй хууч хөөрч суугаад л гараад ирдэг хэмээн түүнийг шоглох, шоолохын завсарт ярих нь бий.Түүнийг энэ удаад ч дахин өрсөлдөнө гэж таамаглаж байгаа ч намын зарим гишүүдээс улс төрөөс зодог тайлах, залуу үедээ халаагаа өгөх ёстой гэсэн санал ч гараад амжжээ.. Учир нь төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа нэр хүндээ алдсан “өвгөн” улстөрчийг аль ч сонгуулийн үед “дэвших эрх”-ээр шагнадаг асуудлыг хойшлуулж магадгүй байгаа юм. Тэгвэл туршлагатай улстөрч гэгддэг хуульч Д.Лүндээжанцан улс төрөөс бүр явах, эсвэл аль нэг том компанийн ТУЗ зэрэгт шингэж магадгүй. Гэхдээ энэ нь эцсийн хувилбар огт биш.

Түүнчлэн сайн ахын  нөмөр нөлөөлөгт дөрвөн жил саарал ордонд даналзсан Ж.Ганбаатар, А.Ундраа нарын хувьд ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй. Ж.Ганбаатарын хувьд ЖДҮ-ийг Монгол Улсад хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, хуулийн төслийг нь шинэчлэн баталсан атлаа “Марал буян групп” ХХК –иараа дамжуулан өөрөө ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон билээ. Жирийн иргэд болон тойргийн сонгогч нарт нь шударга бус санагдсан. Өөрөөр хэлбэл, нэг гараа өргөж дэмжсэн хэрнээ нөгөө гараараа үйлдвэрлэгчдийнхээ боломжийг хулгайлсан нэгэн. Зөвхөн хууль эрх зүйн орчин сайжруулсан гэдэг нэр зүүхийн тулд хэлэх үг, хийсэн үйлдэл нь зөрдөг улстөрчдийн төлөөлөл билээ. Тиймээс 2020 оны сонгуульд олонхийн дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. Өнгөрөгч сонгуулиар бараг л “Унагалдайн цаг”-аас бусад нэвтрүүлэгт урилгаар ярьсан энэ залуу өдгөө Эдийн засгийн байнгын хорооны даргын ажлаа хийсээр байгаа бөгөөд ааш муутай гэдгээрээ ч зартай. Тойрог тойглох ажилдаа тун ч тааруухан үнэлгээ авсан учраас түүнд энэ удаа боломж олдох эсэхийг хэлж мэдэхгүй байгаа хэрэг. Харин А.Ундраа гишүүний хувьд мэдлэг, боловсрол гайгүй хэмээн үнэлэгдэж явсан хэдий ч өнгөрсөн дөрвөн жил түүний хийсэн, бүтээсэн нь тодорч харагдаагүй. Түүнээс элдэв янзын улстөрийн маргаан болон хуйвалдаанд оролцоогүй бөгөөд төрийн сангаас зээл хүртээгүй цөөхөн гишүүдийн нэг нь. Тиймээс ялалт байгуулах магадлалтай ч баярлахад дэндүү эрт байна.

 

С.Эрдэнэ хуучин багаа дахин өрсөлдүүлнэ

Баянгол дүүрэгт дархлагдсан гэгдэх УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ болон тус дүүргийг удирдаж байгаа С.Одонтуяа, хуучин Засаг асан Д.Оросоо нар хуучин багаараа дахин өрсөлдөөнд орохоор болжээ. Өмнөх сонгуулиар өдгөө АН-ын даргын зөвлөхөөр ажиллаж буй З.Энхболд энэ тойрогт өрсөлдсөн ч хамгийн сул өрсөлдөгчдөө ялагдчихсан. Тодруулбал, МАН-тай хийсэн тохирооных нь хариуд Д.Лүндээжанцан гишүүнийг түүнд “өгөөш” болгож өгсөн ч ялагдчихсан тухай хэсэгтээ л хэвлэлээр бичиж байлаа. Тиймдээ ч З.Энхболд энэ тойрогт эргэж ирнэ гэдэг юу л бол. Харин УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа өнгөрсөн дөрвөн жилд дүүргийн Засаг даргын хувиар Баянголыг хангалттай тойглосон. Ардчилсан намын ямар ч нэр дэвшигч ирсэн байсан ч дахиад л ялалт өгөөд явуулах хэмжээнд суурийг нь цутгаж чадсан билээ. Тиймдээ ч хийсэн ажил, хэлэх үгтэй учраас өрсөлдөгчөөсөө энэ удаа илт давуу байж чадах биз ээ. Өөрөөр хэлбэл, тэд дүүрэгтээ дархлагдчихсан. Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-д ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй хэмээн сануулаад байгаа хэрэг. АН-ын хувьд Баянгол дүүрэгт нэр хүндтэйгээс гадна хөл сайтай гэж болно. Улсын болоод хувийн байгууллага, үйлдвэрлэгч гээд бүхий л салбарт “панатууд” ихтэй. Намын дарга С.Эрдэний ихэнх бизнес энэ дүүрэгт байдаг учраас муурын сахлаар оролдсон хулганы үлгэр аятай МАН-ынхан өрсөлдөгч бүхэн энэ тойргоос жийрхэж яваа нь худлаа биш. Хэрвээ сонгогдох боломж гарч гэмээнэ “тэнгэрийн умдаг” атгажээ хэмээн баярлахаас өөр аргагүй билээ. Тэгэхээр АН-ын энэхүү нөөц бололцоогоо ашиглахын зэрэгцээ багаа сайн удирдан, чиглүүлж чадвал ялалтын туг мандуулж, магадгүй гэдгийг хэлэх нь зүйн хэрэг. Харин энэ тойрогт өнөө жил дахиад л дуучин Нара, Х.Ганхуяг гэсэн “мөрөөдлийн баг”-ийн төлөөлөл өрсөлдөхөөр санаархахгүй болов уу.