ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НДШ болон ХАОАТ-ын чөлөөлөлт төрийн өмчит, аж ахуйн нэгжид хамаарахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-01

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэг хувьтай гэж дүгнэсэн. Манай улсын хувьд худалдааны гол түнш БНХАУ. Урд хөршийн эдийн засгийн өсөлт хоёр хувь байна. Коронавирусийн манай улсын эдийн засагт үзүүлэх хугацааг нэг жил гэж тооцоолсон. Тухайлбал, Засгийн газраас Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад, одоогоор төсвийн хөрөнгөнд холбогдох зохицуулалтыг хийсэн бөгөөд 17 тэрбум төгрөг нэмэлтээр олгосон. Эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэлд есөн тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгалд-6.5 тэрбум, нэмэлт цалин, томилолт-1.5 тэрбум төгрөг нийт 17 тэрбум төгрөгийн зардлыг иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зарцуулсан” гэлээ. Түүнчлэн олон улсын зээл, санхүүжилтээр 20.6 тэрбум төгрөгийн шийдсэн.

Азийн хөгжлийн банкнаас 4.2 тэрбум, Дэлхийн банкнаас зургаан тэрбум төгрөгийн 68 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авсан. Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аар оруулж, хэлэлцүүлнэ. Үүнээс үзвэл 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт шийдвэрлээд байна. Коронавиурстэй холбоотой эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, маскийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнөөдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд Орлогын албан татвар авахгүй гэж Засгийн хуралдаанаар шийдвэрлэсэн хөнгөлөлтөд гурван төрлийн бүлэг хамаарахгүй. Улсын төсвөөс цалингаа авдаг албан хаагчид орлого нь буураагүй учраас татвараас чөлөөлөхгүй. Мөн төрийн өмчит, аж ахуйн нэгж, орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүд энэ хөнгөлөлтөд хамаарахгүй. Түүнчлэн тендерээр ажлаа хийж байгаа компаниуд хамаарахгүй. Эдгээр компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа. Үнийн санал өгөхдөө НДШ болон ХАОАТ-аа суулгасан байгаа учраас чөлөөлөгдөхгүй.