ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Цэрэнбат: Гадаргын усыг хуримтлуулах, урсгалын тохиргоо хийх ажлыг эхлүүлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-02

Засгийн газрын хуралдаанаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулах шийдвэрийг гаргасан билээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэхдээ “Монгол Улс анх 1938 оноос усны бодлогыг тусгайлан хариуцсан газартай байсан ч 1990 оноос хойш байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, тогтвортой бодлогоо алдчихсан байсан. Үүний нэг нотолгоо нь 2012 онд Усны агентлагийг татан буулгаж, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг нь харьяа яамдад хуваарилсан явдал юм. Хөгжлийг дагаад усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр салбарын бодлогыг зангидсан газар байх ёстой гэсэн манай Засгийн газрын бодлого хэрэгжих эхлэл бүрдэж, бид Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Усны газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах тогтоолыг гаргуулаад байна. Усны бие даасан газартай болсноор хариуцлага, гүйцэтгэл сайжирна гэж үзэж байгаа. Үүний төлөө шахаж, шаардаж ажиллана.

Энэхүү агентлаг цаашид усны салбарын судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд тулгуурлан усны ашиглалт, нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ гэж тооцоолж байгаа учир салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх томоохон түлхэц болсон. Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил ярьж буй гадаргын усыг ашиглах ажлыг Усны газар эхлүүлнэ. Үүний тулд өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд БОАЖЯ-наас гадаргын усыг ашиглах боломжтой 12 томоохон голын 33 байршилд судалгаа хийж, бэлтгэл ажлыг хангасан. Усны газар маань тухайн байршлуудад цас, борооны усыг ашиглах, хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх зорилтыг нэн тэргүүнийх болгож ажиллах юм. УИХ-аар усны урсгалын тохиргоо хийхэд зориулж 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулж чадсан нь Монголд анх удаа гадаргын усыг хуримтлуулах, урсгалын тохиргоо хийх томоохон ажлын эхлэл боллоо” гэсэн юм.