ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрдөө,  эмч нартаа итгэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-05

Дэлхийн нийтийг айдаст автуулсан шинэ төрлийн коронавирус 200 гаруй оронд тархаж, өвчлөгсөдийн тоо 976249 хүрлээ. Мөн  олон мянган хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд  байна. Улс орнууд шаардлагатай гэсэн бүхий л арга хэмжээ авч байгаа боловч  халдварын тархалт эрчимжиж, зарим улс орон хяналтаасаа алдаж эхэллээ. Эдийн засаг, хөгжил, техник технологиороо бусдыг тэргүүлдэг улс орнууд “Ихэмсэг, бардам зангаа”  таягдан хаяж, халдварт өвчний өмнө бууж өглөө. Тухайлбал, Итали улс  төрийн далбаагаа гудайлгаж, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж эхэллээ. Мөн БНСУ-д эрүүл мэндийн салбар нь доголдож байхад АНУ-д арьс өнгөний гадуурхал эцэстээ хүрч, зарим газар хүйтэн зэвсэг хэрэглэх дээрээ тулаад байна.

Дэлхийн олон оронд эдийн засаг нь доголдож, ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрч, үндэсний үйлдвэрлэлүүд хаалгаа барьж байна. Дан ганц хөгжил, эдийн засгийн өсөлтөөр улс орны ирээдүйг  хязгаарлаж, хэмжиж  болдоггүй юм байна гэдгийг энэ цаг үе хүн төрөлхтөнд харуулж чадлаа. Гэтэл гуравхан сая хүнтэй, буурай хөгжилтэй, эдийн засгийн өсөлт багатай Монгол Улс аюулт цар тахлын эсрэг бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Монголын төр, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагынхан бүтэн 120 гаруй хоног буюу дөрвөн сар зүтгэхдээ  ямар ч гомдол, гоморхол илэрхийлсэнгүй.

Тэд үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ар гэрээ умартан ажиллаж байна. Халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсээс өргөсөн тангарагаасаа няцсан, цуцсан нэг ч хүн байсангүй. Харин ч хүний өөрийн гэж ялгалгүй сэтгэлээ дэвсэж, амийг нь аврахын төлөө зүтгэж байгаад талархах учиртай. Бүтэн дөрвөн сарын хугацаанд манай улсад 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр нь эдгэрсэн. Бусдынх нь биеийн байдал өдөр ирэх бүр дээрдэж, өнөөг хүртэл амь эрсдүүлсэн нэг ч  асуудал гаргасангүй.

Харин тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэд эсэн мэнд, эрүүл саруул, энх тунх байгаадаа талархаж, сайрхаж баярладаггүй юм  гэхэд мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүсье. Олон нийтийн сүлжээнд уур бухимдлаа дэлгэж, түгээхгүй байхыг хүсмээр байна. Өнгөрсөн хугацаанд тусгаарлалтаас оргож, бусдын бичиг баримт ашиглан олон нийтийн газраар тэнэв. Архидан согтуурч, бослого өдөөн гарахыг завдав. Хоолоо голж, талхаа шидлэв. Тусгаарлах байраа голж, таван одтой зочид буудал шаардав. Та насаараа тусгаарлагдахгүй.

Өвчний голомтыг хянах, тандах 21 өдрийг өөрийнхөө болон өрөөл бусдын төлөө тэвчих учиртай. Манай улс  АНУ, Япон, Солонгос, Герман, Итали зэрэг оронтой дүйцэхгүй. Гагцхүү бидэнд хүнээ, иргэнээ  гэсэн сэтгэл зүрх л байна. Аюулт өвчинд нэг ч  монгол хүнийг өгчихгүй гэсэн хармын бодол, мэргэжлийн эмч нарын чин хүсэл байна. Өнгөрсөн хугацаанд төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас  таны амь нас ямар их үнэ цэнтэй болохыг дэлхийд харууллаа. Тиймээс үлдсэн хоёр сарын хугацаанд иргэн бүр хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, зааврыг биелүүлэх л үлдлээ.