ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгож болохгүй сонголт: “Эсэргүү”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-06

УИХ-ын гишүүнээр гурван удаа  Увс аймгаас сонгогдон ажиллаж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг  “эсэргүү” хэмээн нэрлэж болно. Тэрбээр энгийн үед ч, онцгой нөхцөл байдалд ч байр суурин дээрээ бат зогсдог “баатар”-ын дүрд хувирах гэж хичээдэг нь олон нийтээс дээрх нэрийг зүүсэн хэрэг. Өнөөдрийн эрх мэдэл маргаашийг тодорхойлохгүй ч өөрийгөө “хаан” шиг өргөмжилж, хамгаалж яваа Сангийн сайдад тохирсон хувилбар ч байж мэднэ. Гэхдээ асуудлыг далдалж болох ч үнэнээс зугтах аргагүй билээ.

Ах намыг атгалцаж, өнөөдрийн Монгол Улсын хувь төөргийг зурж суугаа Ч.Хүрэлбаатар цагтаа "Хотгор шанага" нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдсан хэмээх дуулиант хэрэг дэлхий нийтэд цацагдаж байлаа. Тухайлбал, одоогоос долоон жилийн өмнө Өмнөд Солонгосын  хэвлэл мэдээллээр “Хотгор шанага” нүүрсний уурхайн талаарх баримт бүхий мэдээлэл  цацагдаж байсан юм.

Энэхүү баримт нэвтрүүлэгт Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах дүүс болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн суманд орших  “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосын компанид зарсан нь маш тодорхой харагддаг” билээ.

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэхүү баримт мэдээллийг эсэргүүцэж,  “БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Багийг авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор  “Хотгор шанага”-ын уурхайн асуудал сөхөгдөж эхэлсэн. Би хамааралгүй” хэмээх  хууль хяналтын байгууллагаас авсан алгын чинээ хуудсаар олон нийтийн амийг таглаж байсан юм. Гэтэл БНСУ-д их хэмжээний мөнгө завшсан, авлига авсан хэмээх үндэслэлээр 17 жилийн ялыг Ерөнхийлөгч асан И Мён Багт оноож байв. Харин манайд “хамааралгүй” хэмээх утга бүхий алгын чинээ цагаан цаасаар асуудлыг дүгнэж, хууль хяналтын байгууллагынхан хаацайлаад өнгөрч байв.

Гэхдээ хэрэг хэзээ ч хуучрахгүй. Ч.Хүрэлбаатар насаараа УИХ, Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллахгүй нь тодорхой. Эрт орой хэзээ нэгэн цагт ил болж, шүүхийн өмнө очих нь үнэн. Энэ бол түр зуурын халхавч бөгөөд хэзээ нуран унахыг нь хэн ч таашгүй. Буруутай үгүйг нь  зөвхөн хуулийн байгууллага тогтооно.

Түүнээс алгын чинээ цагаан цаасаар хэргийн үнэн мөнө шийдэгдэхгүй. Түүнчлэн ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын мэдээлэл олон нийтэд ил болж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн бухимдал 2018 онд эцэстээ хүрч байлаа. Тухайн үед ЖДҮХС-гаас зээл хүртсэн гишүүд, сайд нарт хариуцлага тооцох аян өрнөсөн ч үр дүн нь хангалтгүй байв.

Зөвхөн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг ачааны хүндийг үүрч, хариуцлагаа хүлээж байгаагаа зөвшөөрсөн байдаг. Бусад нь Б.Батзоригийн ард нуугдаж, хариуцлагаас мултрахыг хичээж явна. Энэ ч бас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хамааралтай. Тэрбээр өөрийн хамаарал бүхий “Хантай хайрхан” ХХК-иараа дамжуулж, тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тус компани 2010 онд байгуулагдсан бөгөөд ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Сийлэн кашмер” брэндийг эзэмшдэг байна. Сангийн сайд өнөөдрийг хүртэл ЖДҮХС-гаас зээл хүртэж, бусад аж ахуйн нэгж болоод жирийн иргэдийн боломжоос хумсалсан талаараа нэг ч үгүй унагаагүй.

Харин “Улсын тусгай сангуудад Сангийн яамнаас шалгалт оруулсан. Шалгалтаар 3-4 тусгай сангаас зээл хүртсэн аж ахуйн нэгж, компаниуд бий” хэмээн барьцсан байдалтай мэдээллийг хийснээс өөрөөр дуугарсангүй. Өөрөөр хэлбэл, ганцхан сангаас зээл авсандаа харамсаад, халаглаад байгаа аятай мэдээллийг өгсөн гэхэд хилсдэхгүй. Бусдын өсөх, дэвших, өндийх боломжоос “туусан” Сангийн сайд үүндээ ч бас хариуцлага хүлээх эрхтэй.

Мөн дэлхий нийтэд аймшигт цар тахал дэгдэж, хэдэн зуун мянган хүний амийг авч одлоо. Одоо ч халдварын өвчлөл буураагүй байна. Дэлхийн улс орнууд шаардлагатай бүх арга хэмжээгээ авч байгаа. Манай Засгийн газраас ч болж, бүтэх арга хэмжээгээ авч байна.

Гэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар та улсын төсвийн тооцоолол, хуваарилалт хийсэн хэдэн тоогоо задлахгүйг хичээж, тодотгол хийхгүй хэмээн гүрийж байгаа чинь “үндэснийхээ эсрэг босож” буйтай утга нэг. Зөвхөн хоёрхон сарын дараа болох сонгуульдаа зориулсан тооцоолол эсвэл тодотгол хийдэггүй сайд хэмээх алдар хүндээс илүү гуравхан сая хүний эрүүл мэнд чухал. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан мэдэгдлийг хэрэгжүүлэхийн тулд байгаа эх үүсвэртээ тааруулж, зүтгэнэ гэж мэлзэхийн оронд сайд, гишүүд нарын багцаас 3-4 төслийг танахад л асуудлаа шийдэж болно.

Үүний тулд төсөвтөө тодотгол хийх ёстой. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн аялал жуулчлалын бүс болгохоор зорьсон  Хэнтий аймагт хийх “Андгай цогцолбор”-ыг хүртэл түр хойшлуулж болно. Хэдийгээр аялал жуулчлалаа хөгжүүлэх нь бидэнд хэрэгтэй авч, энэ цаг үед аминд тулсан чухал асуудал биш.

Тиймээс Хэнтий аймагт өрнүүлэх хэд хэдэн төслийг танаж болно. Мөн Архангай аймгийн оюутнуудад зориулж, хотхон босгож, эрхлүүлэх шаардлагагүй. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэрэггүй, ач тусгүй саналыг хасаж, хэдэн төгрөгөө хэмнэх боломжтой. Түүнчлэн балгас болоод удсан ашиггүй барилга, сумдын соёлын төв зэрэгт хуваарилсан хэдэн төгрөгөө гишүүдийн багцаас танаж болно. Энэ мэтээр сонгуульд зориулсан сэтгэлийн хөөрлөөр өрсөн хэд хэдэн төслийг танахад л хангалттай. Онцгой цаг үед улс төр, сонгуулиас илүү Монгол Улсын хувь заяа, аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн эрүүл мэнд чухал болоод байна. Энэхүү хүнд үеийг даваад гарсан ч цагт сонгуулийг ч, улстөрөө ч хийх үе өдөр хангалттай бий. Тиймээс сайд, гишүүд нарын багцаас танаж, бүсийг чангалж, төсвөө тодотгох ёстой.