ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуулиа хойшлуулъя, өөр арга алга

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-07

Долоо дахь парламентын отгон чуулган өчигдөр цахимаар нээлтээ хийж, хэлэлцэх асуудлаа хоёр метрийн зайнаас ярилцахаар цахим системд шилжсэнээ зарлав. Төрийн ордонд хөл хорио тогтоосон энэ удаагийн чуулган мөн л түүхэнд нэрээ үлдээх үүрэг хариуцлагын өмнө зогсож буй талаар УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байна билээ. Тэрбээр, УИХ-ын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Төрийн эрх барих дээд байгууллага УИХ энэ хаврын чуулганаараа эв санаа, ойлголцол зөвшилцөл, ёс суртахууны дэвшил гаргах үйлсийг манлайлж, үлгэр жишээ үзүүлж, нэгдэн хамтарч ажиллая гэж уриалж байна. 

Улсаа хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох зорилго, хариуцлагатай, бүтээгч иргэнтэй шинэ Монголыг цогцлоох Шинэ эрмэлзлийн бэлгэ тэмдэг нь Эв санааны нэгдэл байх болно. Хаврын чуулганаараа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ дараатай хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн Монгол төр төгөлдөрших ёстой” хэмээн мэдэгдэв.

Угтаа, түүхэнд тод мөрөө үлдээхээр баталсан гэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан гарах олон хууль тогтоомжийг хэлэлцэн батлах үүрэг өнөөгийн парламентад байгаа. Харамсалтай нь коронавирусээс үүдэлтэй хөл хориогоор шалтаглан УИХ-ын гишүүд энэ хаврын чуулганаар хэвлэл мэдээллийг боомилж ажиллахаар шийджээ. Сэтгүүлчид Төрийн ордонд бүлгийн хуралдаан зохион байгуулдаг А, Б танхимд ч хүрч очих боломжгүй газарт ажиллаж байна. Телевизийн сэтгүүлчид онлайнаар ажиллах боломж бүрдсэн ч сайт, сонин, лайв телевизийн сэтгүүлчид Төрийн ордонд ажиллах нөхцөл боломжоор хангагдаж чадсангүй. Ярилцлага өгөхийг хүссэн улстөрч бичгээр зөвшөөрснөө мэдэгдсэн тохиолдол сэтгүүлчийг хамгаалагч дагалдан орж, ярилцлага хийлгэхээр журам гаргажээ. Мөн тохуутай үйлдэл шүү. Угтаа ЖДҮ хулгайч нар “Би ярилцлага өгөхийг зөвшөөрч байна” гэж хэлнэ гэж тэд сэтгэжээ.

“Тэнгэрийн умдаг” аятай хоёр талд хамгаалагч сахиж зогссон хаалгаар улстөрчийн хамар цухуйвал баярлахаас өөр аргагүй болов, бид. Улстөрчид нь хоорондоо хоёр метрийн зайтай хуралдах атлаа сэтгүүлчдийг бие засах өрөө, бүр аяга ус олоод уучих боломжгүй жижигхэн цэгт 20-30-аар нь хашчихаж. Хатуухан хэлбэл, бид үхсэнээс та нар үх гэсэнтэй утга нэг байна. Хэрвээ өвчнөөс сэргийлсэн урьдчилан сэргийлэлт, хөл хорио байсан бол ядахдаа л сайт, сонин, телевизээр нь хувааж гурван өөр цэгт ажиллах боломж гаргаж өгөхөд болохгүй зүйл алга. Бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулах сэтгэл тэдэнд дутжээ. Тиймээс л чоно борооноор гэгчээр хөл хориог далимдуулан сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, сурвалжилах эрх чөлөөг боомилсон үйлдэл хэмээн бичиж буй хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, хэн хүссэн нь сэтгүүлчдэд зориулсан нэг цэгт гарч ирэн хөгжмөө захиалчихаад явж одно гэсэн үг. Өнөөх ЖДҮХС-гийн хулгай, олон зуун тэрбумын концесс авсан хулгайч нараас ам асуух, УИХ-ын хаврын чуулганаар ямар хуулийн төсөлд хэн хэрхэн бэлтгэж, ямар байр суурьтай орж буйг асуух боломж бүрдэхгүй нь. Прокуророос түдгэлзүүлэх бичиг өгчихсөн байгаа таван гишүүнээс ам асуух боломж ч гарахгүй нь.  Угтаа, намын нэр хүнд өндөр байгаа энэ цагт бүх асуудлаа хэвлэлээс халхалж байгаад дахин сонгогдох гэсэн улайрал тэнд бий болжээ. Үүнийг өчигдөр болсон МАН-ын хэвлэлийн хурал баталж буй.

Учир нь олон ч асуудлаар талцан хуваагдаж, чи, би-дээ хүрч байсан МАН-ынхан өчигдөр УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй байхад 100 хувь санал нэгдэв. Рейтинг өндөр байгаа энэ цаг үе, хэвлэлээс зай барих боломжийг бүрдүүлсэн коронавирус ч намд нь ашигтай тусч буйг мэдэрсэн хэрэг л дээ. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын чуулганы нээлтэд сонгуулийг хойшлуулах тов тодорхой саналуудыг хэлчихээд гарчээ. Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байгаа энэ үед эрх мэдлээ өнөөгийн парламент хадгалаад хойшлуулахгүй л бол санхүүгийн бодит хямрал бидний үүдээр ороод ирчихсэн гэдгийг сануулав. Тэрбээр, хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-ын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио юм.  Энэ цар тахал, даяар хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалсан юм. Монголчууд бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж, иргэдээ хамгаалах зохист бодлогыг хэрэгжүүлж, гарз хохирол, эрсдэл багатайгаар даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байна” хэмээгээд Улсын төсөвт тодотгол хийх, УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах, “Хямралын эсрэг” тусгай сан байгуулах зэрэг долоон арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

Гэвч өнөөх улстөрчид нь Ерөнхийлөгч төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхээр улайрч байна гэсэн амин хувиа хичээсэн, улс төрийн өнцгөөр тайлбарлаж, өвдсөн ч, үхсэн ч, улсаараа дампуурсан ч хамаагүй сонгуулиа хийе хэмээн зөрүүдлэв. Гэвч Үндсэн хуульдаа зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалж ээлжит сонгууль хойшилсон тохиолдолд бүрэн эрх нь өнөөдөр байгаа парламентад хадгалагддаг гэдгийг тодорхой тусгаад өгчихсөн гэдгийг хуульчаар төгсөөгүй хүн ч мэддэг билээ. АН, МАН, МАХН болон бусад улс төрийн намууд үнэхээр л сонгуульд орох бэлтгэлээ 100 хувь хангачихсан уу гэвэл тийм биш.

Учир нь 15 нам, дөрвөн эвслийн Аудитын байгууллагад хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь ямар ч биелэх боломжгүй, хэтэрхий хөөсөрсөн, бэлэн мөнгөний амлалтаар “хахсан” байсныг Үндэсний аудитын газраас зарлав. Бүтэн дөрвөн жил “нухаж”, 21 аймаг нийслэлийн есөн дүүргээр явж, хөрөнгө мөнгө зарсан мөрийн хөтөлбөр нь цээжний бангаар шуурдаг парламентад суудалгүй нэгхэн даргатай намуудаасаа ялгарахгүй байгааг харахаар сонгуульд орох ямар ч бэлтгэлгүй байсныг нь нотлох биз ээ. Одоо тэд хуульд нийцүүлэхийн тулд тавхан хоногт засварлаад СЕХ-нд хүргүүлнэ. Угтаа Монгол Улсын дөрвөн жилийн бодлогыг тав хоногт боловсруулсан мөрийн хөтөлбөрөөр тэд удирдах юм гэнэ. Хямрал хаалгаар нь орж ирчихсэн, зургаан сарын дараа 250 мянган хүн ажилгүй болно гэж байхад хамгийн амгалан, айх айдасгүй, ажлын өрөөндөө сельфи хийгээд сууж байгаа хүмүүс бол улстөрчид л байна. Өөрсдийгөө дэлхий ертөнц, хүн ард, тэр ч байтугай сэтгүүлчдээсээ тусгаарлачихаад араар нь юу хутгаж, ямар хор найруулахыг таашгүй учраас ард түмэн мэдэх эрхээ, сэтгүүлчид асуух эрхтэй бүрэн дүүрэн эдлэх хүртлээ сонгуулиа хойшлуулъя, өөр арга алга.