ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Босго намхан төрд санаархсан бөөн дурынхан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-29

Сайн дурын уран сайханч гэх үг ч хэтэрхий гоёдох хүмүүс улс төрд олноороо санаархаж байгааг энэ долоо хоногт цацагдсан 208 бие даагчийн жагсаалтаас бид харлаа. Хүн бүхэн л даанч дээ, ийм зүйл байж болох уу гэх мэтээр халаглаж байна. Тэр дундаа улстөрч хэмээн өөрсөддөө том автор зүүдэг хүмүүс хамгийн их ичиж байгаа биз. Монгол төрийн өндөр босгыг ийм хэмжээнд намхан болгож, бөөн дурынханд “би од юм байна, би нэр дэвшчихвэл ялж чадах юм байна” гэсэн итгэл төрүүлэх хүртэл дордуулснаа мэдэрч суугаа нь дамжиггүй. Тухайлбал, өөрийгөө Чингисхаан гэж боддог нэгэн залуу, өөрийгөө Өэлүн эх гэж боддог Л.Өнөрчимэг, утаагаар улс төр хийж танигдсан Ц.Пүрэвхүү, уул уурхайгаар занималдсан “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, буянтны дүр эсгэж баахан хүнд тусламжийн гараа сунгаж гүйсэн Т.Ганболд, дуучин Нара гэх мэтээр есөн шид нь бүрэлдсэн бөөн дурын баг ирэх сонгуулиар улс төрд орж ирэхээр санаархлаа илэрхийлжээ.

Томсгосон мажоритар тогтолцоо хэдийгээр улс төрийн бусад хүчин, бие даагчдад давуу тал олгодог ч урьд өмнө нь ингэж олуулаагүй бие даана, би чадна хэмээн солиорч байсангүй. Эдгээр 208 бие даагч, улс төрийн 33 намаас өрсөлдөх нэр дэвшигчдийг тооцвол ирэх сонгуулиар бараг л 2000 хүн 76 суудлын төлөө өрсөлдөх болоод байна. Өөрөөр хэлбэл, улс төрд л орчихвол сайхан амьдарна гэсэн хийрхэл бий болж, төрийн босго хэтэрхий намхан болсныг эдгээр тоо харуулах биз ээ. Хүн бүхэн өөрийгөө улстөрч болж чадна гэж боддог гэдгийг ч бас харууллаа. Соошл орчинд юу ч хамаагүй бичиж, 1000 хүн дагуулчихвал өөрийгөө од болчихсон гэж сэтгэсэн бөөн дурын армийнханд мэдээж олон давхар санаа байгаа нь тодорхой.

Нэгдүгээрт, тэдний дунд намдаа гомдсон, намаасаа өс хонзон авахыг хүссэн нэг хэсэг бий. Үүний тэргүүн эгнээнд нэгэн цагт АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, Хотын захирагч асан Э.Бат-Үүл, “Нүүрс”-ний хэргээр ял сонсож байсан Л.Гансүх, Элчин сайд асан Б.Дэлгэрмаа, Сангийн сайд асан С.Баярцогт, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нар багтаж байгаа. Мөн Ардын намаас хөөгдсөн Л.Мөнхчулуун, Н.Номтойбаяр нар ч бие даахаас өөр сонголтгүй болжээ. Нам нь тэднийг хөөчихсөн учраас өөр нэг нам руу очихгүй гэж шийдвэр гаргажээ хэмээн зөвтгөж болно. Гэвч тэдний цаад санаа нь зөвхөн намынхаа саналыг хуваах, өрсөлдөгчөөсөө өс хонзон авах гэсэн ядмагхан улс төр байсныг нуух юун. Тэд энэ санаархлаа ч ил тод зарлачихсан билээ.

Хоёрдугаарт, ард түмний зовлон, тулгамдсан асуудал дээр дөрөөлж олонд танигдсан “хуурамч багтай тэмцэгч” нарын арми ч мөн л санаархлаа ил болгож байна. Тэдний хувьд хэзээ ч олон түмний эрх ашгийн төлөө шударгаар тэмцээгүй ажээ. Зөвхөн зовлонд дөрөөлж жаргалд хүрэх гэсэн чинхүү хүсэлтэй байж. Тэдгээрийн тэргүүн эгнээнд, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, “Дэлхийн монгол ногоон нэгдэл”-ийн Х.Бээжин, буянтны дүр эсгэгч Т.Ганболд, баялаг бүтээгчдийн төлөө тэмцэгч гэх оёдолчин Г.Майцэцэг, тэмцэгч Г.Баасан нар орж байх юм. Үүнээс гадна жил бүхэн л  бие даагчаар нэрээ дэвшүүлж, өрсөлдөгчөөсөө мөнгө салгадаг нэг хэсэг бий. Тойргийнхоо саналыг хуваалгахгүйн тулд “Чи зайгаа тавиад өгчих. Би тэдэн төгрөг өгье” хэмээн нэр дэвшигчид мөнгөөр тохироо хийдэг нь худлаа биш. Үүнийг ашиглах гэсэн хэсэг бүлгийнхэн нэр дэвшихгүй ч жагсаалтад нэрээ бичүүлж, 20-30 сая төгрөг аваад л зайгаа тавьж өгдөг. Нөгөөтээгүүр, сэтгэцийн өвчтэй ч түүнийгээ соошлын од гэж боддог, улс төрд орж чадах юм гэсэн хийрхэл дэмийрлийн өвчтэй хүмүүс ч тэдний дунд байна. Тийм учраас УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүн бүхний сэтгэцийг шалгах нь нэн тэргүүний асуудал болсныг эдгээр 208 хүний жагсаалтаас харсан биз ээ. 

Үүний цаана улс төрийн бусад намын нэр дунд хавчуулагдаж орж ирэх хэчнээн галзуу, солиотой хүмүүс байгааг таашгүй. Төрт ёсны уламжлалыг нулимж, төрийн өндөр босгыг хэтэрхий намхан болгосон иймэрхүү хүмүүсийн дуулиан дунд харин жинхэнэ ёсоор дэмжчихмээр, төрийн хар хүмүүс гээгдээд үлдэж байгаа нь бас худлаа биш юм. Эдгээр 208 хүн бүгдээрээ үл бүтэх хүмүүс биш билээ. Тэдний дунд гялтайх “од”, УИХ-д суулгамаар хуульч, эдийн засагч нар бий. Улс төрийн аль нэг нам дэмжих гэхээс илүү чадвараараа өрсөлдөх гэсэн залуу үе, зарчимтай хүмүүс ч цөөнгүй харагдаж байлаа. Гэтэл эдгээр хүмүүс нь Өэлүн, Чингисхаан, Нара мэтийн хийрхэгчдэд дарагдаж, 208 тэр чигээрээ үл бүтэх хүмүүсийн жагсаалт юм шиг харагдах болов. Хэвлэлийнхэн ч зөвхөн тэдгээр үл бүтэх хүмүүсийг нь шүүрдэж аваад олон нийтэд мэдээлж буй учраас тэр чигээрээ болохгүй, бүтэхгүй хүмүүс цуглажээ хэмээн олон нийт ойлгож байгаа хэрэг. Уг нь Үндэсний аудитын газар эдгээр хүмүүсээс цөөнгүй нь хасна, танана. Түүний дараа олон нийтэд илүү бодит мэдээлэл хүрэх ёстой ч тийм зүйл болсонгүй. Гэтэл хүний эрхийн хуульч М.Ичинноров, хуульч Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Эдийн засагч Ө.Ганзориг зэрэг олон мундаг залуусын “би чадна” буюу бөөн дурынхан дунд  дарагдаад өнгөрч байгаа нь харамсалтай.