ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-06

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-аас коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр дахь багц арга хэмжээний хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа” гэлээ. Уг тогтоолд, 

0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно. Нийт 547 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгоно. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна.

Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Сард 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байгаа. Насанд хүрсэн 122300 насанд хүрсэн хүн байдаг. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгожээ. 

Нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд 100 мянган төгрөг нэмж олгоно.

Өнчин хүүхдүүдэд 100 мянган төгрөг нэмж олгоно.

Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100 мянган төгрөг нэмж олгоно. Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулна хэмээн тусгажээ.