Өнөөдөр бол чухал өдөр. Учир нь сар гаруйн дараа болох УИХ-ын сонгуулиар хэнийг сонгохоо шийдэхээр зэхэж буй ард түмэнд улс төрийн хоёр гол хүчин болох МАН, АН хэнийг санал болгохоо шийдэх өдөр. МАН, АН-аас санал болгосон 150 хүн дундаас цөөнгүй нь ирэх өдрүүдэд иргэдийн саналаар парламентад орж ирэх нь тодорхой билээ. Харин тэр хүмүүс нь хүлээлтэд нийцсэн, улс төрийн наад захын боловсролтой, өмнөх парламентад орж ирсэн “бор халзан”-гуудаас өөр байгаасай хэмээн хүлээж суугаа хүн олон. Нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн тухай таамаг ч 2020 он гарснаас хойш хангалттай удаан явлаа. Бөөн дурынхнаас эхлээд сайн дурынхан хүртэл санаархлаа ил далд илэрхийлэв. Гэвч тэдний хэн нь хэн болох, хаана ямар боловсрол эзэмшсэн юм, үнэхээр сонгогдсон иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах уу гэдэг нь сонирхолтой. Тиймдээ ч “dardas.mn” сайт өнгөрсөн хагас жилийн хугацаанд тойрог горилж буй хүмүүсийн талаар уншигчиддаа мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Сонгогчдын боловсролд зориулсан энэхүү мэдээллээ албан ёсны сурталчилгаа эхлэх хүртэл уншигч танд хүргэсээр байх болно. Энэ удаа бид цөөнхийг төлөөлөн УИХ-д суухаар зэхэж буй нэр дэвшигчдийн хэн нь хэн болох, ямар боловсрол мэдлэгтэй, мөн хэн хэн энэ тойрогт яригдаж байгаа талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Аймгийн Засаг дарга А.Глымхан рейтингийн судалгааг өнгөлжээ
Улсын дээд шүүхийн бүртгэлд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Ардын нам өнгөрсөн сонгуулиар хоёр ч гишүүнтэй болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Солтан нар намдаа суудал авчирсан. Баян-Өлгий аймгийн тухайд бусад аймгуудын бодвол тун ч онцлогтой. Энд хэн нэгэн поп улс төрийн тоглолт хийх шаардлагагүй. Мөн бусдад таалагдах гэж пиардах албагүй. Гагцхүү аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадсан л бол тэр хүнээ дэмждэг. Тэр ёсоор энэ жил төрд илгээх ёстой хүмүүсийн нэгдүгээрт аймгийн Засаг дарга А.Глымханыг нэрлэжээ.
Тэрбээр, 1963 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төржээ. Эхнэр, таван хүүхэдтэй бөгөөд инженер, эдийн засагч мэргэжилтэй. ОХУ-ын Барнаул хотод Удирдлагын академи, Унгар улсад нефть олборлох, боловсруулах дээд курсийг тус тус төгссөн Техникийн ухааны магистр цолтой нэгэн юм. Аймгийнхаа Тээврийн удирдах газарт тоо бүртгэгч, эдийн засагчаар ажлын гараагаа эхэлснээс хойш ихэвчлэн хувийн хэвшлийн салбарт ажиллаж байсан аж. Харин 1998 оноос улс төрд хөл тавьж, аймгийнхаа ИТХ-д өлгийчүүдийн итгэлийг хүлээн дөрвөн удаа сонгогдсон удаатай. ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, аймгийн МАН-ын дэргэдэх АСЗХ-ны дарга, МАН-ын Бага хурлын гишүүнээр таван удаа сонгогджээ.
Мөн 2017 оныг хүртэл Аймгийн намын хорооны дэд дарга, орлогчоор ажиллаж байсан. Тэртээх, 1998 онд намын дарга У.Хүрэлсүхтэй хамтран Баян-Өлгий аймгийн МАН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбоо /АСЗХ/-г байгуулалцаж явсан бөгөөд энэ байгууллагын төлөө залуу халуун насаа зориулсан нэгэн юм. Мөн туршлагатай удирдан зохион байгуулагч, шилдэг улстөрч болж төлөвшсөн хэмээн намын дарга нь түүнийг үнэлсэн учраас энэ удаагийн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх мандат өгчээ. 2016 оноос эхлэн Баян-Өлгий аймгийг амжилттай удирдаж, гамшиг зовлон гал усны ширүүн нөхцөлд ч удирдан чиглүүлж байлаа. Засгийн газрын гол мөрийн хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж, өлгийчүүдийн тулгамдсан асуудлуудыг зохих газарт нь уламжилж, шийдвэрлүүлж байсны үр дүнд нийтдээ 172.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан амжилт бол түүнийх. Тухайлбал, 16 хүүхдийн цэцэрлэг бариулснаас 13 нь ашиглалтад орсон. Гурван суманд соёлын төв, авто вокзал, оношилгооны төв, Өлгий сумын төвд 16 км автозам, Толбо-Хашаат чиглэлийн 60 км автозам, 100 ортой нэгдсэн эмнэлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээ авах цогцолбор барилгууд баригдах шатандаа явж байна. Үүнээс гадна Өлгий сумыг үерээс хамгаалах далан, Барилгын сорилт шинжилгээний лабораторийн барилга зэрэг түүхэн бүтээн байгуулалтууд түүнийг удирдаж байхад эхлэлээ тавьж, зарим нь ашиглалтад ороод байна.
Нийтдээ 100 гаруй км замыг тэр орон нутагтаа бариулж чаджээ. Аймгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудыг машинаар хангаж, төрийн албан хаагчдаа орчин үеийн техник, технологиор хангах ажлыг ч орон нутгаас сонгогдсон гишүүдтэйгээ хамтран хийж чадсан учраас өлгийчүүд түүнд итгэл үзүүлэх нь тодорхой юм. Мөн ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле намаасаа эмэгтэйчүүдийн квотыг авах бололтой. Тэрбээр, 2008-2012 оны хооронд мөн л ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байсан. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн бөгөөд Москвагийн Орос хэлний багшийн дээд сургууль, МУИС, Удирдлагын академийг тус тус төгсчээ. Харин өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Г.Солтан энэ жил нэр дэвших боломжгүй болов. Учир нь Баян-Өлгийн уугуул Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” ХХК-иар дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болсон учраас дахин нэр дэвшүүлэхээс татгалзжээ. Тэгвэл гуравдахь мандатыг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан авч магадгүй байна. Тэрбээр 1954 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн, тус нутгийн уугуул нэгэн. Авто инженер мэргэжлийг эзэмшсэн бөгөөд ЗХУ-ын Москва хотын Намын дээд сургуулийг улс төр судлаачаар мөн төгсчээ. Баян-Өлгий аймгаас хоёр дахь удаагаа сонгогдон, төр түшилцэж буй Х.Баделхан 2012-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2014-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан туршлагатай.
УИХ-ын гишүүн Д.Мурат дахин нэр дэвшихээр мандат авах уу
Аймгийн хэмжээнд явуулсан санал асуулгад рейтингээрээ өндөр гарсан дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Д.Мурат. Тэрбээр, өнгөрсөн сонгуулиар МАН-аас өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан А.Тлейхантай өрсөлдөж, 7250 хүний саналаар ялалт байгуулсан юм. Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн даргын сонгуульт албан тушаалтай бөгөөд өнгөрсөн хугацаанд чуулганы хуралдааны идэвх, ирцээрээ үнэлэгдэж иржээ. Д.Муратын тухайд Үйлдвэрийн дулааны инженер мэргэжилтэй нэгэн. Тэрбээр 2007 онд Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургуулийг эл мэргэжлээрээ дүүргэн, Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэр офсет техникч, “Талап хоршоо”, “Жанат”, “Эрчим-Баян-Өлгий” зэрэг компанийн захирлаар ажиллаж байлаа.
Аймгийнхаа дулааны хангамжийн асуудлыг тууштай шийдэж явсан түүнийг урлаг, соёлын арга хэмжээг дэмжин тэтгэдэг, нийгмийн халамжийн ажлыг орон нутагтаа хангалттай хийдэг учраас өлгийчүүд үнэлдэг аж. Өнгөрсөн хугацаанд бүсгүй хүнтэй нэр холбогдож, чамгүй шүүмжлүүлсэн ч шүүхийн шатанд энэ хэрэг нь буруугүй хэмээн шийдэгджээ. Аймгийн АН-аас явуулсан санал хураалтын үр дүнд тэрбээр тойрогтоо дахин өрсөлдөхөд ялалт байгуулах магадлалтай хүнээр нэрлэгдсэн ч намынх нь ҮБХ дэмжих эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.
Түүнтэй хамт Монгол Улсын гавьяат эмч Буланы Бейсен, Барилгын инженер Рахметийн Гажайв нарын нэр яригдаж байгаа аж. Б.Бейсен нь саяхан Ерөнхийлөгчөөс гавьяат эмчийн цолоо авсан. Аймгийнхаа Мэс заслын тасгийн зөвлөх эмчээр ажилладаг бөгөөд хувийн эмнэлэгтээ зэргээр багагүй хэл аманд холбогдож байжээ. Харин нэр дэвшигч Р.Гажайвын талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна. Бусад улс төрийн намуудаас энэ тойрогт хэнийг явуулахаа одоогоор зарлаагүй байна. Харин “ШИНЭ” намын эвслээс Х.Ганибат гэгчийг өрсөлдүүлэхээр товложээ.