ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын мандатаас “жийгдсэн” хүмүүс хэн байв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-17

Улс төрийн хоёр том хүчин өчигдөр албан ёсоор хуулийн хугацаандаа багтаан нэр дэвшигчдээ зарлалаа. Нэн эртнээс л нэр дэвших нь дээ хэмээн хүлээж байсан олон хүн тоглоомын гадна үлдэж, нэр нь огтхон ч дуулдаж байгаагүй хүмүүс гэнэт тодрон гарч ирсэн гээд гомдсон, баярласан, уурласан, уйлсан олон өнгө аястай сонгууль болох гэж байна.

Тэр тусмаа улс төрийн ууган хоёр хүчний нэг болох АН-ын тухайд энэ удаа таамаглаж байгаагүй сонголт олныг хийсэн нь нэр дэвшигчдийн жагсаалтаас харагдаж байх аж. Монголын хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр нэвтрүүлгээ цацаж байсан хэд хэдэн залуу, зайлшгүй өрсөлдөх ёстой кандитат хэмээн дүгнэж байсан шилдэгүүд ч тойргийн гадна үлджээ.

Мэдээж нам ялсан тохиолдолд тэр салбарын сайд, тийм дэд сайдын суудал гэх мэтээр амлалт авч байгаа ч өнөөдрийг хүртэл тойрог тойглож үрсэн мөнгө нь хайран санагдах нь тодорхой юм. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч, АН-ын залуу шилдэгүүдийн төлөөлөл болох М.Тулгатыг олон хүн нэр дэвшинэ хэмээн хүлээж байлаа.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрог болгонд сунгаа явуулсан ч дандаа хойгуур рейтингтэй бичигдэж байсан З.Энхболд тойргийг нь булаасан гэдгийг М.Тулгат нүүр номоороо дамжуулан мэдэгдэв. Энэ хоёрыг нэг компанийн эрх ашгийг төлөөлдөг хэмээн өнгөрсөн хугацаанд хангалттай бичсэн ч начир дээрээ өрсөлдөгчид байсан уу, эсвэл жүжиг тавьсан уу гэдэг нь тодорхойгүй үлдэв. Үүнээс гадна рейтингийн хэд хэдэн судалгаагаар хамгийн өндөр нэр дэвшигчдийн нэг байсан инженер, эдийн засагч Б.Ариунболдын суудлыг Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх Ч.Өнөрбаярт өгсөн нь таамаглаагүй улс төрийн тоглолт байлаа. Намдаа өнөө хэр нөлөөтэй гэдгээ харуулж буй Ц.Элбэгдоржийн хүн инженер Б.Ариунболдоос илүү санал авах нь юу л бол.

Мөн сонгуульд нэр дэвших талаар сураг ч дуулдаагүй байсан “Блүүмбэрг” телевизийн Гүйцэтгэх захирал Э.Долгион таамаглаагүй нэр дэвшигч байв. Тэрбээр, Сүхбаатар дүүрэгт өрсөлдөх нь ээ. Үүнээс гадна Хөвсгөлийн ард түмнийг талцуулж буй нэр дэвшигч бол Да.Ганболд. Тус тойрогт мөн л залуу үеийн төлөөлөл болох Х.Эрдэнэбаатар нэр дэвшихээр яригдаж байсан ч Да.Ганболдыг явуулсан нь намынх нь гишүүдэд ч таалагдаагүй бололтой.

Тиймдээ ч Хөвсгөлийн ардчилсан намынхан хоёр хуваагдан соошл орчинд “хэрэлдэж” байх ажээ. Үүнээс гадна Чингэлтэйд яригдаж байсан Доржцэрэнгийн Сүндий, Гарьдхүүгийн Баярсайхан Өвөрхангайд яригдаж байсан “Асашёорюү” Д.Дагвадорж, Завхан аймагт баталгаатай хэмээн яригдаж байсан Я.Санжмятав, Архангайд нэр нь яригдаж байсан АН-ын Дэд дарга Б.Жаргалан гэх мэтээр олон хүн жагсаалтын гадна үлдэв.

Эдгээр хүмүүс мэдээж намын даргатайгаа ямар нэг байдлаар асуудлаа ярьсан нь тодорхой ч цөөнгүй нь гомдол тээгээд үлдэж байх ажээ. Авууштай нь ардчилсан намын сонголт энэ удаа илүү залуу, илүү мэргэжлийн талдаа байгааг олон хүн хэлж байна. Чингэлтэй дүүрэгт өрсөлдөх хуульч Р.Булгамаа, сэтгүүлч Г.Уянга, Говьсүмбэрт өрсөлдөх Л.Одсэр, Хан-Уулд өрсөлдөх Б.Түвшин, СХД-т өрсөлдөх Б.Пунсалмаа гэх мэтээр олон чадалтай залуус намын даргынхаа дэмжлэгийг авсанд олон нийт нэмэх оноо өгөв.