ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын даргын тойрогт АН-аас хэн, хэн өрсөлдөх вэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-17

Баянхонгор бол УИХ-ын сонгуулийн хамгийн “хатуу” тойрог гэгддэг. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь энэ нутгийнх. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянхонгорын тойрогт МАН-аас нэр дэвшигч нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Түүний хамтаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэг нар нэр дэвших нь тодорхой болж байна. Харин АН-аас тэдний эсрэг хэн, хэнийг сойх нь анхаарал татаж, олны таамгийг хөврүүлж байсан ч дөнгөж сая эцэслэгдлээ.

Энэ удаа АН Баянхонгорын тойргийн гурван мандатын хоёрыг нь шинэ улстөрчдөд өгсөн нь Д.Адьяасүрэн, П.Нүрзэд нар юм. Үлдсэн нэг нь өмнөх парламентад уг тойргоос сонгогдож байсан Б.Ганбат аж. П.Нүрзэд нь АН-ын өсч яваа, чадварлаг улстөрчдийн нэг гэдгийг журмын нөхөд нь үнэлж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь ҮБХ-ны хурлаар ийнхүү баталгаажуулжээ. Шинэ залуу, нэр цэвэр, чадварлаг улстөрчдийг сонгогчид хүсч буй энэ цаг дор АН мэдрэмжтэй байж, УИХ-ын даргын өрсөлдөх тойрогт чадварлаг залуу боловсон хүчнээ сойж байна.