ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр ханцуйндаа “наймаалцсан” уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-17

Улс төрийн нам, эвсэлүүд өчигдөр албан ёсоор УИХ-д нэр дэвшигчдээ тодруулж, олон нийтэд зарлалаа. Энэ удаагийн сонгуулийн мандатын хуваарилалт болон нэр дэвшигчдийг тодруулсан сунгаа үнэхээр гэнэтийн байлаа. Өөрөөр хэлбэл, олон нийтийн санаанд багтамгүй горилогчдыг МАН болон АН ард түмэн танилцуулж, шинэ залуу үеийг улс төрд сойхоор шийдсэнээ зарлав.

Тухайлбал, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд  “Нэр цэвэр, хариуцлагатай, мэдлэг боловсролтой хүмүүсийг 2020 оны УИХ-д нэрийг нь дэвшүүлнэ. Харин элдэв концесс, тендерт холбогдож төрийн тусгай сангуудаас зээл авсан намынхаа гишүүдэд боломж олгохгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл эрх баригч намын дарга хэлсэн үгэндээ багтах гэж нэр дэвшилтийн тохироогоо цэвэр хийх гэж оролдсон нь харагдаж байгаа ч хүчтэйг нь оролдож чадахгүй үлдээчихсэн нь бас илхэн. Тухайлбал, концессчин хэмээн цоллуулж байсан Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, ээждээ ЖДҮ авч өгсөн Г.Тэмүүлэн нар хулгайчаар нь дуудаж байсан намын даргаасаа суудал авчихлаа.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намынхаа нэрийг барж, рейтингийг унагаасан нөхдүүдтэй хариуцлага тооцох  ажлаа тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн хэдий ч олон нийтийн санаанд хүртэл хийж чадаагүйг эндээс харж болно. Тэгвэл цэвэрлэгээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Ундармаа, М.Билэгт, Д.Оюунхорол, Д.Ганболд, Н.Номтойбаяр, Н.Оюундарь, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нарын гишүүд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцынханд илүүтэй хатуурхаж, намынхаа нэр хүндийг унагасан, хариуцлагагүй хандсан алдааг зөвхөн тэдэнд наагаад орхихыг илүүд үзжээ. Харин өөрийнх нь талд кнопоо дарсан олон ЖДҮ-чин эргээд нэр дэвшихээр орж ирсэн нь муухай харагдаж байна.

МАН-д өрнөсөн улс төрийн тулаан, хагаралдаан, зөрчил зэрэг бүхий л муу муухайг “60 тэрбум”-ынхан  гэсэн ганцхан үгээр халхавчлан нууж, намаа аврахаар төлөвлөжээ. Үнэндээ МАН-ын ийм шийдвэрийг М.Энхболд буюу “Хотын фракци”-ийнхан дуу нэгтэй, хоёр гараа өргөөд  дэмжихгүй нь тодорхой биз. Түүний фракциас Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын хэдхэн хүнд боломж олгохыг  хараад суухгүй нь ойлгомжтой.  Үгүй дээ, МАХН руу хадаг барин гүйж, Н.Энхбаяртайгаа эвлэрэх тухай ярих байлаа. Аль эсвэл шинэ нам байгуулж, намаа ч, У.Хүрэлсүхийг ч унагахын төлөө хамаг хүчээ барж чадах чадал М.Энхболдод бий.

У.Хүрэлсүхийн эсрэг хаях мөнгө, хүч чадал хангалттай бий. 20 гаруй жил улс төрд бий болгосон бүхнээ ганцхан сонгуулиар алдах хүн бол тэр биш. Т.Бадамжунай тэргүүтэн хөшигний араас яаж ч хөдөлгөж болох байсан ч нэг ч үг дуугарахгүйгээр, нэг илүү хөдөлгөөн хийхгүйгээр бууж өгсөн нь сонирхолтой. Улс төрийн хүрээлэлд багтсан цаг хугацаагаараа, хуримтлуулсан туршлагаараа, мөнгөөрөө ч У.Хүрэлсүхээс хувь илүү. Өөрийнхөө хэдийг дагуулаад МАН-аас туурга тусгаарлахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шиг шууд газардахгүй явж чадна. Ийм их хүч, боломж, бололцоог 30 орчим жил улс төрд зүтгэн бий болгочихоод, “60 тэрбум” гэсэн ганцхан үгэнд өвдөг шороодож, бүдрэхгүй биз ээ.  

Тиймээс л У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр ханцуйндаа наймаалцаж, тохироогоо хийчихэв үү хэмээн хардаж байгаа хэрэг. “Хотын фракци” ийм чимээгүйгээр эрх мэдлээ өгч байгааг нь гайхаж суугаа хүн ч олон бий. Тэгэхээр 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Засгийн газрыг бүрдүүлэх, гол гол танхимын сайд нарт М.Энхболдын фракци ноёрхлоо дахин тогтоохгүй гэсэн баталгаа алга. У.Хүрэлсүхийн тухайд зөвхөн багаа сонгуульд удирдан орж, харин М.Энхболд хөшигний ард үлдсэний шагналдаа ерөнхий чиг үүргийн сайд нарын суудлыг авахаар тохирсон байх магадлал нэмэгдсээр байх ажээ.