ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: МАН өнгөрсөн хугацаанд бодитой бүтээн байгуулалт хийж чадаагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-18

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын бүлгээс УИХ болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд цаг үеийн асуудлаар нийт 32 удаа асуулга тавьсан байна. Бүлгийн гишүүд дангаараа 58 хуулийг санаачилсан. Тухайлбал, улстөрийн хэргээр хэлмэгсдийг цагаатгах, ар гэрт нь нөхөн олговор олгох тухай хуулийг нэрлэж болно.  Мөн энэ хугацаанд АН-ын бүлгээс УИХ-ын даргад есөн удаа, Ерөнхий сайдад 22 удаа шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг л шийдэж чадлаа.Тухайлбал, УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал, УИХ-ын гишүүн давхар дээлтэй байхыг бууруулах зэрэг асуудлууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бодитоор туссан зэргийг нэрлэж болно. Түүнчлэн үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН УИХ-д 65 хүний суудал авсан. Тэд бодитой бүтээн байгуулалт хийж чадаагүй, бодлогогүй ажилласан.  УИХ-ын гишүүд болон төрийн бүх шатны алба хаагчдын ёс зүй алдагдсан. Төрийн алба хаагчдын сахилга бат хариуцлага алдагдсан.  Эдийн засгийн өсөлт ард иргэддээ хүрч чадаагүй, ард иргэдэд ашиггүй хуулиудыг санаачилсан жилүүд байлаа.Төсвийн алдагдал хэмжээнээсээ хэтэрсэн, хөрөнгө оруулалтын үр дүн огт байгаагүй” гэлээ.