ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуульд нэр дэвших эрхгүй болсон УИХ-ын гишүүдээс хэн юу хэлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-18

УИХ-ын долоо дахь удаагийн парламентаас цөөнгүй гишүүд сонгуульд нэр дэвших эрхгүй болсон билээ. Тухайлбал, УИХ-ын дарга асан М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, М.Билэгт, Ц.Гарамжав, Н.Амарзаяа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Оюундарь, Я.Содбаатар, Х.Болорчулуун, А.Сүхбат, Г.Солтан, Д.Оюунхорол нар энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй бөгөөд шинэ залуу үедээ боломж олгож байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Ингээд тэдний байр суурийг хүргэж байна.

 

М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй

/УИХ-ын дарга асан/

-УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжин ажиллана.

 

 

М.Билэгт: Журмын нөхдөө бүх талаар дэмжинэ

/УИХ-ын гишүүн/

-2020 оны УИХ-ын сонгуульд МАНас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжинэ.  Баянхонгор аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа  хийх болно.

 

Д.Хаянхярваа: УИХ-ын сонгуульд намаа дэмжин ажиллана

/УИХ-ын гишүүн/

-УИХ-ын долоо дахь удаагийн сонгуульд 45 дугаар тойргоос дарханчуудынхаа итгэл, сэтгэлийг өвөрлөн төр түшилцэх өндөр хариуцлагатай албанд сонгогдон ажиллав. Олон жил түшиж тулж явсан намын журмын нөхөд, эрхэм хүндэт даханчууддаа гүн хүндэтгэл илэрхийлж байна. Улстөр хэмээх хатуухан тогоонд олон жил чанагдаж, амьдралын хат суулаа. Дархан түмэн, зон олноо УИХ-д төлөөлөх итгэл хүлээлгэж байсан та бүхэндээ баярлалаа.
Миний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд намаа дэмжин ажиллах болно.

 

Н.Амарзаяа: Зон олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэлээ

/УИХ-ын гишүүн/

-Нутгийн зон олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Монгол голомтынхоо төр түшилцэх итгэл хүлээлгэсэн өмнөговьчууддаа  баярлалаа. Төрийн эрх барих дээд байгууллагад хууль тогтоох, бодлого тодорхойлох, тойргийн асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллалаа.

 

Ц.Гарамжав: Хамгийн чухал зорилгоо биелүүлсэн

/УИХ-ын гишүүн/

-УИХ –ын долоо дахь удаагийн сонгуулийн 71 дүгээр тойргоос ард иргэдийнхээ итгэл сэтгэлийг өвөрлөн төрөө засах өндөр хариуцлагатай албанд түмнээ түчээлэн сонгогдож ажиллаа. Манай Сонгинохайрхан дүүрэг бол Монголын хөгжлийг бүтээлцсэн эрдэмтэн докторууд, Монголын зүрх тархи болсон инженер мэргэжилтнүүд, Монголын итгэл сэтгэл болсон багш, эмч нар, эх орны энх хилийн манаанд нэгэн насыг зориулсан эрхэм хүндэт хилчидтэй бахархам газар билээ. Энэ хугацаанд УИХ-ын гишүүний хувиар хөнгөлөлттэй нөхцөлөөр наснаасаа эрт тэтгэвэрт гарч хохирсон 21 мянган иргэний тэтгэврийг нэмэгдүүлэх зорилготой Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон бусад найман хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлж, 20 орчим ажлын хэсэгт ахлагчаар болон гишүүнээр ажиллаа. Мөн Байгалийн баялгийн үр ашгийн дийлэнх хувь ард түмний мэдэлд байж,  монгол хүн баялгийнхаа эзэн нь байх  заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд тусгуулсан минь  энэ салбарын хүний хувьд хамгийн гол зорилгоо биелүүлсэн явдал байлаа.