ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Энэ онд 5000 гаруй уурын зуухыг цэгцэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноор хотын агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулсан. Өнгөрсөн өвөл 150 гаруй мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзсанаар ийнхүү утааг бууруулахад нөлөөлсөн. Ирэх наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өвлийн бэлтгэлийг базааж, 5000 гаруй уурын зуухыг цэгцлэнэ.

Цахилгаан дулаан, хийн хэрэглээнд шилжээгүй тохиолдолд түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн захирамж гарсан. Эдгээр зуухнуудын үйл ажиллагааг цэгцэлснээр ахин 150 мянган тонн нүүрсний хэрэглээг танаж чадна. Мөн  хотын хэмжээнд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газар, барилгын үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд хашаа татдаг, гаднах орчин тойрноо тохижуулдаггүй цэвэрлэдэггүй хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг, хүний амь нас, эд хөрөнгөнд заналхийлдэг асуудал одоо ч яригдаж байгаа.

Тиймээс  айл өрх, аж ахуй нэгжүүдэд хашаагаа шинэчлэх шаардлагыг зургадугаар сарын 1-н хүртэл тавина. Барилгын компаниуд нэг стандарттай хашаа татах ёстой.  Хэрэв шаардлага биелүүлээгүй хашаагаа шинэчлээгүй бол хотын захиргаанаас хашааг нь нураах, шинэчлэх ажлыг зохион байгуулж зардлыг хувь хүн, аж ахуй нэгжээр гаргуулна” гэсэн юм.