ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Ариунболд: Одоо бол зүгээр орхихгүй ээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-19

Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хэмээн яригдаж байсан инженер, эдийн засагч Б.Ариунболд хасагдсан нь олон хүний гайхшийг төрүүлсэн билээ. Хан-Уул дүүрэгтээ насаараа амьдарч байсан тус дүүргээс НИТХ-д сонгогдож, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, Хан-Уул дүүргийн АН-ын даргаар тус тус ажиллаж байсан, өдгөө АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн албан тушаалыг хашиж буй намынхаа хамгийн чухал бодлогыг атгуулсан нэр дэвшигчтэй юуны учир тойрог өгөөгүй нь тодорхой бус байсан юм.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөлөө энэ дүүрэгт нэлээд гүнзгий шургаж, өөрийн төлөөний хүнээ оруулсан нь тодорхой болов. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Өнөрбаяр энэ тойргоос нэр дэвшихээр болжээ. Тэгвэл эдийн засагч Б.Ариунболд энэ талаар өөрийн нүүр номондоо бичиж, цаашдаа зүгээр орхихгүй хэмээн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр, “Уучлаарай муухай юм боллоо. Ардчиллын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-ын дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа.

Их хуралд 2000 онд дэвшиж 2012 онд жагсаалтад орж байв. 2020 онд Их хуралд нэр дэвшихээр шийдэж дүүрэгтээ, тойргоо тордон ажиллалаа. Энд хэдэн төгрөг зарцуулснаа ярихгүй ээ. Хэдэн хүнд хүрснээ хэлье. 35,000 хүнд. Ардчилалд хайртай мянга мянган найзууд маш олон хүний итгэлийг олжээ. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ын олон зуун гишүүд маань холбогдож байна. Хан-Уулын унаган иргэн өдий хүртэл намайг дэмжиж байдаг та нартаа баярлалаа. Асуудал дуусаагүй ээ. Би амьдарч байна амьдарсаар байх болно. Би хэн нэгнээс гуйхгүй авлига, шагнал өгөхгүй. Ардчиллаа доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүй ээ" хэмээн бичсэн байсан юм.