ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лу.Гантөмөр "ШИНЭ" намаас нэр дэвших үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-19

АН-ын лидер улстөрчдийн нэг болох Лу.Гантөмөр АН-аас Сүхбаатар дүүрэгт өрсөлдөх болов уу хэмээн таамаглаж байсан ч түүний нэр гараагүй. Харин тус тойрогт УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч, “Блүүмбэрг” телевизийн Гүйцэтгэх захирал Э.Долгион, АЗХ-ын тэргүүн С.Эрдэнэболд нар нэр дэвшихээр болжээ.

Гишүүн асан Лу. Гантөмөрийн тухайд яагаад, ямар шалтгааны улмаас тойргоо алдсан, улс төрийн тоглолт байсан уу гэдэг талаар ямар нэг зүйл яриагүй. Тэгвэл өчигдөр өөрийнхөө нүүр номонд “Өс биш бодлого зангидъя” хэмээн зургаа оруулжээ. Мөн түүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан “ШИНЭ” намаас нэр дэвшиж магадгүй гэсэн яриа гараад байна.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол тэрбээр сонгогдож байсан тойргоосоо буюу Сүхбаатар дүүрэгт орж ирэх магадлал өндөр юм. Хуулиараа нэр дэвшигчдийг энэ сарын 16-наас өмнө зарладаг. Тэгэхээр боломж бараг л байхгүй учраас нам ялсан тохиолдолд сайдын суудал гэх мэтээр тохироо хийх боломж түүнд бий. АН-ын зарим гишүүдээс цөөнгүй нь өөр намын нэрээс өрсөлдөж байгаа. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж байсан Батын Батбаатар, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Дэлгэрмаа нар МАХН-аас өрсөлдөж байгаа билээ.