ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Монголыг бохирдуулсан улстөрчидтэй тэмцэнэ”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-22

2020 оны УИХ-ын сонгуульд 200 гаруй бие даагчид нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарласан билээ. Бие даагчид дунд нийгэмд өөрийн гэсэн байр суурь, хүрээллийг бий болгосон, намынхаа үзэл баримтлалыг шинэчлэх, залуу үеийн төлөөллийг бий болгох гэсэн үзэл бодол байр суурьтай хүмүүс олон байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзээд буй Н.Номтойбаяр, АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн"-ий тэргүүн П.Галиндэв нарыг нэрлэж болно.

Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн хувьд "Би сонгуульд нэр дэвшинэ гэж мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй, эртнээс ярьж байгаа гурван зүйл бий. Шударга бусын хонгилыг нураах ажилд оролцмоор байна. Газрын доорх баялгийг ард түмнийх болгомоор байна. Дундаж давхаргыг бий болгоход гар бие оролцъё” зэрэг зорилгынхоо хүрээнд бие даахаар болсон гэдгээ мэдэгдсэн юм. Харин Н.Номтойбаярын хувьд “Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа 30 гэр бүлийг төлөөлж, УИХ-д бие дааж нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарласан” билээ.  
 

Залуу улстөрч П.Галиндэв “АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс УИХ-д нэр дэвшихээр горилогчдоос авч буй 100 сая төгрөгийн дэнчинг хүчингүй болгож, төрийн албан тушаал хашиж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, нийтийн эрх ашгийг хохироосон этгээдүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг АН-ын даргад хүргүүлсэн. Тэд энэ сарын 11-нд ҮБХ-ны хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг гаргахыг шаардсан боловч авч хэлэлцээгүй. Тиймээс тус хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж, өрсөлдөхөөр болсон гэдгээ албан ёсоор зарласан юм. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчиллын нэрийг барьж Монголын улс төрийг бохирдуулсан улстөрчидтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.