ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-28

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг /Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж , 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь зүйл ангид зааснаар зүйлчилснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.1- т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

Улмаар шүүгдэгч Л.Пүрэвбаатараас 8.830.443 төгрөгийг гаргуулж хохирогч тал УБТЗ-ХХН-т олгох мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2.688.000 төгрөгийг мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтад тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.