ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сайн мэдээ: ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах шалгуурыг бүрэн хангажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-29

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсыг хяналтын буюу “саарал жагсаалт”-д оруулж, тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн билээ. Тус мэдэгдэлд Монгол Улсад ямар нэг хориг арга хэмжээ авах талаар дурдаагүй.

ФАТФ-аас Монгол Улсыг хяналтын жагсаалтад оруулсантай холбоотой нийт дөрвөн шалгуур үзүүлэлтийн хүрээнд зургаан ажлыг хийж хэрэгжүүлэх зөвлөмж өгсөн байдаг. Тэгвэл Монгол Улс өнгөрсөн хугацаанд зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, шат дараатай ажлаа тайлагнасны үндсэн дээр “даалгавар биелүүлсэн” гэх үнэлгээ авсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ. Монгол Улс өнгөрөгч нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон Ази Номхон далайн хамтарсан бүлгийн (АНДХБ)  хурлаар дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээрх зургаан ажлыг танилцуулж хамгаалсан аж. Харин Парис хотноо хоёрдугаар сард болсон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит хуралдаанаар Монгол Улс нийт үүрэг даалгаврынхаа 50 хувийг биелүүлж хангалттай үнэлгээ авсныг зарласан гэлээ. Улмаар дахин хийж гүйцэтгэх гурван ажил үлдээд байсан ч “Ковид-19” цар тахалын нөхцөл байдлаас шалтгаалан ФАТФ-аас Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ)-ийн үйл явцыг зогсоож, улс орнуудыг хянах явцыг  дөрвөн сараар хойшлуулжээ.

Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдаас ФАТФ-ын Ерөнхийлөгчид хандан Монгол Улс хяналтын үйл явцыг үргэлжлүүлэн, хийсэн ажлаа тайлагнах, хамгаалах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлж, цахим хэлбэрээр хамгаалах тухай хүсэлт гаргасныг ФАТФ-аас албан ёсоор хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгджээ. ФАТФ-ийн стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлжээ.

Монгол Улс АНДХБ-т тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан гэдгийг Сангийн сайд онцлов. Улмаар хурлын төгсгөлд ФАТФ-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд урьдчилсан тайлангаа өчигдөр гаргаж, зургаан даалгавар амжилттай хамгаалагдсан гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, багаараа ажилласны үр дүнд энэ амжилтад хүрлээ гэв. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ФАТФ-ын албан ёсны хариу зургадугаар сарын 24-25-нд гарах хуваарьтай байгаа. Аравдугаар сард болох хурлаас өмнө шийдвэр албаждаг. Гэхдээ урд өмнөх улс орнуудын даалгаврын биелэлтээс харж байхад гаргасан шийдвэрээсээ ухарч байсан тохиолдол байхгүй. Тиймээс хурлын товоо зарласны дараа албан ёсоор гаргачих болов уу” хэмээлээ.