ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Мөнхтүшиг: Австрали улс руу анх удаа агаарын нислэг хийх гэж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-05

УОК-ын Шуурхай Штабаас гадны зарим орнуудаас иргэдээ татаж авах талаар мэдээлэл хийлээ. Манай улс  хорио цээрийн дэглэмийн үеэр  гадаадаас  нийт 9060 иргэнээ агаараар болон газраар тээвэр хийж татан авч байна. Харин  удахгүй нисэх тусгай үүргийн онгоцоор  хэрхэн иргэдээ авчирах талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ, “Гадаадаас Монгол иргэдээ татан авах үйл ажиллагааг зогсолтгүй зохион байгуулсаар байна. Төлөвлөгөөний дагуу зарим нислэгийн зөвшөөрөл албан ёсоор гарсан. Мөн бидэнд Австрали улс руу тусгай үүргийн нислэг хийх боломж гарлаа.  Өмнө нь тус улс руу манай улсын иргэний агаарын тээврийн нислэг огт хийгдэж байгаагүй. Уг нислэгийг  нууцаар хийх гэж байна гэх мэдээлэл гадуур байгаа ч  тийм зүйл огт байхгүй. Австрали улсаас ирэх хүсэлтэй 1000 гаруй хүний өргөдөлийг уламжлал ёсоор  Шуурхай штаб дээр нэрсийг хүлээн авч баталгаажуулж байна.  Нислэгийг өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-ны өдөр үйлдэнэ. Сиднейгээс даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна.

Энэ сарын тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарийг хүргэхэд,

  • Сидней – 06.08
  • Нур Султан - 06.10
  • Токио – 06.11
  • Энэтхэг – 06.12
  • Сөүл /транзит/ – 06.17
  • Сөүл – 06.18
  • Франкфурт – 06.19 өдрүүдийн нислэгээр 2000 гаруй иргэн эх орондоо  ирэх аж.