ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шинэ гишүүдийн хэн нь юу хэлэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-29

2020 оны УИХ-д сонгогдсон гишүүд өнөөдөр СЕХ-оос түр үнэмлэхээ гардан авлаа.  Түр үнэмлэхээ гардан авсан зарим гишүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Н.Учрал: Ард түмний итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой.  Дундаж давхаргыг дэмжсэн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жил нийт 40 гаруй хуулийн төсөл санаачилсан.  Тиймээс санаачилсан хуулиудад үргэлжлүүлж ажиллана.

О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүн болохоор бүх салбарыг мэддэг мундаг хүн  болно гэж бодохгүй байна. Тийм учраас мэргэжлийн хүмүүс,  баг хамт олонтой ажиллах байх.  Миний хувьд онцгой анхаарч ажиллах асуудал бол иргэдийн орлого гэж бодож байгаа.

Г.Дамдинням: Шударга ёсыг тогтоохын төлөө баг хамт олноороо чармайн ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө баг болж ажиллах ёстой.  Сонгууль шударга болсон. Олон улсын ажиглагчид  байсан учраас бүгд дүгнэлтээ гаргасан байх. Ажлаа Дарханы замыг засахаас эхэлнэ. 

Т.Доржханд: Өнөөдөр бид анх удаа их хуралд суудал авч чадлаа. Т.Доржханд гэдэг хүн ганцаараа биш. Маш олон, хуульч,  эдийн засагч, эмч, багш нар гэх мэт төрөл бүрийн  мэргэжлийн засуустай хамтарч ажиллана. Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээс гадна,  шүүмжлэх зүйлд хатуу байр суурьтай байх болно.

Д.Өнөрболор: Өндөр итгэл хүлээлгэж сонгосон нутгийнхандаа талархлаа илэрхийлж байна.  Миний хувьд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хуулийн дагуу идэвхтэй оролцож ард иргэдийнхээ, сэлэнгэчүүдийн дуу хоолой болж ажиллана. Мөн Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө  бусадтайгаа баг болон ажиллана.