ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Ганбаатар: Ямар ичгүүргүй, аархсан сонгууль болов оо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-30

УИХ-ын найм дахь удаагийн парламентын анхдугаар чуулганы хуралдааныг хуульд заасан ёсоор ахмад гишүүн Х.Баделхан удирдан явуулж, 75 гишүүн нэгбүрчлэн индэр дээрээс УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Өмнө нь нийт гишүүд нэгэн дуугаар тангараг өргөдөг байсан бол энэ удаагийн парламентаас эхлэн гишүүн бүхэн өөр өөрсдийн дуу хоолойгоор тангараг өргөж, мөн төрийн тугандаа мөргөөд гарын үсэг зураад сууж буй юм.

Гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ батлан тангараглая. Миний бие энэ тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөлөө.

Анхдугаар хуралдаан эхэлсэн даруйд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бол СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнг танилцуулж, хуулийн хүрээнд зөв шударга явсан хэмээн онцлов. Харин энэхүү танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Сонгууль шударга бус боллоо. Хар машин буруу тооллоо гэх асуудал гарсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ” гэсэн асуултыг асуув.

Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Санал тоолох машинтай холбоотой гомдлууд ирсэн. Бид тухай бүрт нь хариулт өгч явсан. Нийт хэсгийн 50 хүртэлх хувьд хяналтын тооллого хийх боломжтой. Хуулийн хүрээнд хяналтын тооллого хийж, тайлан ч манайд ирсэн. Хяналтын тооллогыг тэнд ажиллаж байсан улс төрийн нам эвслийн нэр дэвшигч, бие даагчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ сарын 27, 28-нд 12 тойргийн 164 хэсэгт хяналтын тооллого хийж, нэг ч зөрүү гараагүй. Ингээд бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурлаа” гэлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би хэдийгээр ялалт байгуулсан ч ялах боломжтой байсан олон хүний өмнөөс үг хэлье. Энэ удаагийн сонгууль дэндүү шударга бус болсон. Төрийн цагдаа нар хүртэл эрх баригч намд үйлчилсэн. Би уулзалт хийчихээд зугтаж гарах шаардлагатай болж байлаа. Ямар ичгүүргүй, аархсан сонгууль болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Монгол Улс энэ янзаараа авлига, хүнд суртал, бузар булайгаасаа салахгүй” хэмээсэн юм. Мөн СЕХ-ны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Анхдугаар хуралдаанд Эрдэнэт хотоос нэр дэвшиж ялалт байгуулсан хоёр улстөрч үг хэлсэн нь онцлог байлаа.