ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Энэ удаагийн парламент таван том асуудлыг анхаарч ажиллана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-30

УИХ-ын найм дахь удаагийн парламент өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, гишүүд нь тангараг өргөж дууслаа. Тэгвэл түр завсарлаад байсан чуулганы хуралдаан эхэлж, УИХ-ын даргыг томиллоо. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргаар Гомбожавын Занданшатарыг улираан томилохоор шийдвэрлэжээ. Г.Занданшатар нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан түүхэн цаг үед УИХ-ын даргаар хоёр жил ажилласан билээ. Өнөөдөр түүнийг илээр санал хураалт явуулж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саналаа хэлсний дараа эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын даргын тамгыг Г.Занданшатар даргад хүлээлгэн өгөв. Мөн ахмад гишүүн Х.Баделхан түүнийг суудалдаа суухыг урилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар томилогдсоны дараа “Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ. Тусгаар Монгол Улсын бүрэн эрхэт иргэд ээ. Төрийн эрх барих эрхээ Монголын ард түмэн эдэлж, найм дахь удаагийн сонгууль амжилттай өндөрлөж, УИХ-ын гишүүд маань төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн бүхэн төрөө сонгох үүргээ хариуцлагатай биелүүллээ.

Ард түмнийхээ итгэлийг өвөрлөж, захиас даалгаврыг биелүүлэхээр төрийн өндөр албан тушаалд томилогдсон УИХ-ын гишүүд өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байна. Төрийн өндөр албан тушаалыг хариуцлагатай хийх үүргийг надад оноож томилсон МАН-ын дарга У.Хүрэлсүх, журмын нөхөддөө баярлалаа.

Энэ удаагийн парламентад МАН 62, АН 11, “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат эвсэл”-ээс тус бүр нэг хүн сонгогдож УИХ дөрвөн нам суудалтай боллоо. Мөн нэг бие даагч сонгогдсон байна. МАН-ын энэхүү үнэмлэхүй ялалт нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтыг тууштай үргэлжлүүлэх, эхлүүлсэн ажлаа дуусгах,иргэнээ дээдэлсэн төрийг төвхнүүлэх ард түмний итгэл, үүрэг хариуцлага юм. Монгол хүний хөгжлийн төлөөх их давалгаа гэдгийг ухамсарлан ойлгож, түүний эрч хүчийг сааруулахгүй, эвлэлдэн нэгдэж, хошуучлан ажиллах ёстой юм.

Монгол орны хөгжлийн төлөө нэгэн биеэ үл хайрлан ажиллах үүрэг хариуцлага өнөөдрөөс эхэлж байна. Хүчээ нэгтгэсэн ард түмний төлөө улсаа мандуулах эрмэлзэл тэмүүллийг хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрөө өнөөдрөөс хэрэгжүүлэх шаардлагатай билээ.  У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхийн тулд таван чиглэлд ажлын хэсэг байгуулна.

Нэгдүгээрт, хуулийн реформ хийнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг амилуулах 37 хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай хийх шаардлагатай болж байна. Эдгээр хуулиудыг шууд хэлэлцэж эхлэхэд бэлэн болсон.

Хоёрдугаарт, эдийн засгийн хямралаас хамгаалах өсөлтийн суурийг бий болгох амлалтаа биелүүлэх ажилд шуурхайлан орох ёстой. Ажлын байр ,экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах ёстой болж байна. Банк санхүүгийн салбарт реформ хийх. Зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүүг бууруулах шаардлагатай болно. Үүнийг ард түмэн хүлээж байна.

Гуравдугаарт, эдийн засгаа солонгоруулахын тулд хос морьтой болж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа хөдөө аж ахуйг түшиглэн хөгжүүлэх чиглэлд ажиллана. Төрийн бодлогыг өнөө маргаашгүй шинэчилж, өөрчлөх шаардлагатай.

Дөрөвдүгээрт, төрөө төвшитгөх сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг авсан. Төрийн бүх шатанд сахилга, хариуцлагыг мөрдүүлж, ёсзүйг сахиулах асуудлыг нэн тэргүүнд анхаарна. Иймд Ёсзүйн дэд хороог Ёсзүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж үзэж байна.

Тавдугаарт, Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлогыг цаашид авч хэрэгжүүлэх, МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, татварын шинэчлэл, бага орлоготой орон сууц зэрэг хөтөлбөрүүдийг эхлүүлэхийн тулд ажлын хэсгүүд байгуулж, ойрын үед ажилдаа орно” хэмээлээ. Улмаар өнөөдрийн ээлжит хуралдааныг хааж байна гэдгээ мэдэгдсэн юм. Хуралдаан маргааш өглөө үргэлжилнэ.