ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ичээд яах вэ, спикер ээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-02

Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар зарж, мөнгө босгохоор ярьж байсан МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн бичлэгийг Г.Доржзодов гэх залуу ил гаргасны дараа олон янзын дарамт шахалтад өртсөн байдаг. 

Түүнийг мөнгөний төлөө ийм зүйл хийлээ гэж шүүмжилж, доромжилсон хэсэг бүлэг байсан ч нөгөө талд залуу хүний хувьд улстөрчдийн эсрэг тууштай дуугарч, шударгаар тэмцлээ хэмээн үнэлсэн нь олон бий. Ямар бодолтой ил гаргасан байлаа ч тэр залуугийн эр зориг бидэнд олон зүйлийг ойлгуулав.

Нөгөөтэйгүүр, МАН-ын улстөрчдийн “хөнжил” дотроо зодолдож, албан тушаалаас нэгнээ буулгах шалтгаан нь ад үзэж, хуурамч, бүр эвлүүлэг хэмээн мэдэгдэж байсан 90 минутын бичлэг болж байх юм. Өөрөөр хэлбэл, 32, 32 болж хуваагдсан МАН-ын улстөрчид “60 тэрбум”-аар шантааж хийж, зарим нь хуралдаа суухгүй хэмээн эсэргүүцэж эхэлсэн нь Г.Доржзодов огтхон ч байгаагүй, оргүй хоосон зүйл гаргаж ирээгүйг нотолж байх юм. УИХ-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ төрийн албан тушаалыг наймаалцсан энэ бичлэгээр УИХ-д нээлттэй сонсгол явуулахаар шийдэж, өнгөрсөн баасан гарагт 19 гишүүний гарын үсэгтэйгээр УИХ-д өргөн барив.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан бөгөөд хуулийн хүрээнд нээлттэй сонсгол хийх боломж бүрдсэн гэсэн үг. Нээлттэй сонсгол явуу­лахыг Ж.Энхбаяр, Б.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюур­­сайхан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Х.Болор­чулуун, Б.Жавхлан, С.Жавхлан, З.Нарантуяа, Г.Солтан, Х.Нямбаатар, А.Сүх­бат, Б.Энх-Амгалан, Л.Энх­болд, Я.Содбаатар нарын 19 гишүүн дэмжжээ. Сонсгол хийх санаачилга гаргасан Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээлэл хийхдээ “Надад дарамт шахалт ирж байна. Гарын үсэг зурах гэж саналаа илэрхийлсэн олон улстөрч татгалзлаа.

Тодорхой хэмжээнд дарамт ирсэн болов уу гэж харж байгаа. М.Энхболд дарга лхагва гарагийн чуулганд “Надад айж ичих зүйл алга. Нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж байгаа” гэж хэлсэн. Үнэхээр дэмжиж байгаа бол нээлттэй сонсголыг хийлгээд өөрөө оролцоод, гэрч Г.Доржзодовыг суул­гаад, А.Ганбаатар, Ц.Сандуй нарыгаа ч гэсэн дуудах ёстой” хэмээн ярьсан байх юм. Баасан гарагт бичгээ УИХ-ын даргад өргөн барьсан даруйд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа чуулганаар хэлэлцэх бүх асуудлаар завсарлага авч, улмаар бүлгийн хурлаа яаралтай зарласан юм. Ингэснээр баасан гарагт хаалттай хаалганы цаана тэд чи, би, нохой гахайдаа хүрч хэрэлджээ.

Төд удалгүй хаалттай хуралдаанд хэлсэн улстөрчийн үг олон нийтэд ил болж, тэр тусмаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжигчдийн хуудас түүнийг нь олон нийтэд түгээж эхэлсэн нь 60 тэрбумын нээлттэй сонсгол зам мөрийг нь нэгмөсөн шуудруулж, МАН-ын дотоодын дайн эрчээ авсныг илтгэв. Хаалттай хуралдааны протколоос ил болсон харилцан ярианы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “М.Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. 

Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз.

Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалаасаа буусан байсан ч хамаагүй эрсдэлээ үүрээд энэ бүхнийг эцэслэнэ хэмээн мэдэгдсэн байх юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааны үеэр тун ч “гэмгүй” мэтээр мэдэгдэл хийж байгаа. “Надад айх зүйл алга, Хуульзүйн байнгын хороо нь нээлттэй сонсголоо хийнэ биз” хэмээн индрээс ярьсан ч хөшигний цаана харин айдастай байгаа нь илхэн.

“60 тэрбумаар нээлттэй сонсгол хийх шаардлагагүй” хэмээн М.Энхболдын удирдсан 32-ын бүлэгт багтсан Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдэгдэл хий­лээ. Нөгөөтэйгүүр, М.Энх­болд даргын хуулийн зөвлөх нь ч 60 тэрбумын хэрэг хаагдсан гэх мэдээлэл хийж, араас нь АТГ-ынхан энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн тайлбар явуулсан нь  М.Энхболдын ам, ажил хоёр алд дэлэм зөрж буйг харуулсан хэрэг болов уу гэлтэй. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн М.Энхболд дарга аа, одоо айх ичих зүйл огтхон ч алга. Хууль ёсных нь дагуу 60 тэрбумын асуудлаа цэгцлэх цаг нь болсон байна.

Ичээд яах билээ. Асуудал нэгэнт ийм болсон учраас буруу байгаа бол түүнийгээ хүлээчих. Эс бөгөөс тойрч суугаад 60 тэрбумын наймаа ярьж байсан Ц.Сандуйг, А.Ганбаатартай нь хамт суулгаж байгаад үнэн мөнөөр нь ярьж, гэрчтэйгээ ч нүүрэлдчих. Тэр цагт У.Хүрэлсүх ба түүний 32 худлаа шоудаж уу, эсвэл М.Энхболд та төрийн албаар наймаалцсан уу гэдгийг ард түмэн ялгаж салгах биз.

Үнэн хэзээд ялдаг юм. Уншигч та санаж буй бол “Монголын мэдээ” сонин гурван сарын өмнө ШШҮХ-гийн дэд дарга Ц.Гантулга 60 тэрбумын бичлэгийн талаар хоёр өөр дүгнэлт гаргаж, хоёр намд өгч байсан баримтыг хүргэж байлаа. Тэрбээр, бичлэгт бичигдсэн хоолой Ц.Сандуйгийнх мөн гэсэн баримтыг АН-ын штабд өгч, албан тушаалтайгаа үлдэж, дараа нь МАН ялсны дараа хуурамч гэх баримт бэлтгэн МАН-д өгч суудалдаа үлдэж байсныг нь баримтаар хүргэж байсан юм. 

Улмаар Ц.Гантулгыг ч ажлаас нь чөлөөлж байсан юм. Энэ бүх баримтуудын хэлхээ холбоо, эдгээр улстөрчдийн маргаан мэтгэлцээнд цэг тавих цор ганц зам нь нээлттэй сонсгол гэдгийг ч хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхлэв. Маргааныг ч эцэслэх цаг болсон. УИХ-ын чуулган хэдийгээр баасан гарагт завсарласан ч наадмын дараа ээлжит бус зарлах аж. УИХ-ын гишүүд ч ийм хүсэлт гаргахаар нэгдэж эхэлсэн байна. Ингэснээр нээлттэй сонсгол ч болдгоороо болж, М.Энхболд хариуцлага үүрэх үү, эсвэл шударга ёсны төлөө тэмцсэн У.Хүрэлсүхээ 60 тэрбумынхан “булшлах” уу гэдэг нь тодорхой болох юм.