ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Батхүү, Г.Алтжин, Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-24

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/, мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх, 2 дахь хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэг /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан  Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /Залилах/ гэмт хэрэгт,

Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Яллагдагч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт жич мэдэгдэхээр шийдвэрлэлээ.