ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-26

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид 1,676 сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Долдугаар сарын 25-нд Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Бид давтан шинжилгээнд  анхаарч байна. Тандалтын зорилгоор Өвөрхангай болон Замын-Үүдийн эмнэлгээс долоон сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Ажиглах байрны 16 хүний давтан шинжилгээнээс мөн халдвар илрээгүй. Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Ингээд нийт батлагдсан 288 тохиолдлоос 218 нь эдгэрч гарсан. ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байгаагийн 61 хөнгөн, ес  нь биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 85 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна. Эдгэрч сувилалд гараад хянагдаж байсан 23 хүнээс вирус эерэг гарсан байсан тул хүмүүстэйгээ ойлгоцсоны үндсэнд  хугацааг сунган хянаж байна" гэлээ.