ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжинэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-30

УИХ-ын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нарын зэрэг хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай эдийн засаг амаргүй нөхцөлд байна. Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа иргэдтэй уулзаж явахад хөндөж буй асуудлуудын эхэнд банкны зээлийн хүүг бууруулах тухай асуудал байна. Бид ирэх жилүүдэд өр төлнө. Өрөө төлөхийн тулд төлбөрийн баланс сайжрах ёстой. Төлбөрийн баланс сайжрах нөхцөл нь экспортын хэмжээ, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх явдал юм. Гэтэл ийм боломж тэр бүр бүрдэхгүй байна. 

Манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа. Гэтэл шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхэн эхний 5 жилдээ 5 хувиас дээш ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. Үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг агшиж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах, экспортын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хүүгийн татаас, зээлийн шугамаар дэмжих шаардлагатай боллоо.

Бидэнд боломж бололцоо бий. Гэтэл түүнийгээ ашиглаж чадахгүй, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахгүй байна. Хэд хоногийн өмнө би өмнийн говийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Ядаж 4 жилийн өмнө ашиглалтад оруулчихгүй яав даа гэж харамссан. Зөвхөн өнгөрсөн 4 жилд л гэхэд бид эндээс олж болох 5.0 тэрбум ам.долларын орлогоо алджээ. Одоо ингэж боломжоо үгүй хийж суумгүй байна.

Банкуудын нэр хүнд олон нийтийн дунд муу байгаа, нуугаад яахав. Манай банк санхүүгийн тогтолцоонд арилжаа, мөнгө хүүлэлтийг дэмжсэн орчин бий болчихжээ. Тиймээс үүнээс татгалзаж, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн шинэ орчин, салбарын реформ хийх нь хойшлуулшгүй зорилт боллоо. Ингэж байж бид банкуудынхаа унасан нэр хүндийг сэргээж, итгэлцлийг бэхжүүлнэ.

Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган чуулна. Энэ чуулганаар мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжих, “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар та бүхний бодол, саналыг сонсож, ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна" гэлээ.