ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Уул уурхай, металлургийн цогцолбор төслийг дэмжинэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-21

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, үүнд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг тэргүүлэх эгнээнд тусгасан байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад албан томилолтоор ажиллах үедээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн “Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай”-н үйл ажиллагаатай танилцлаа.

“Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай” нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрладаг 229 сая.тн төмрийн хүдрийн нөөцтэй, жилд нийт 3 сая.тн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн түүхий эдийн гол бааз болсон орд газар юм. Дээрх ордыг түшиглэн Монгол Улсад анх удаа төмрийн хүдэр олборлохоос эцсийн бүтээгдэхүүн боловсруулах хүртэлх бүх шатны дамжлага, үйлдвэрүүдийг барьж байгуулах зорилгоор Үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд уг уурхайд 2014 оноос эхлэн уурхайн олборлох хүчин чадлыг бий болгож, хуурай соронзон баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулсан.

Мөн Ерөө сум дахь Цахилгааны дэд өртөөг өргөтгөж Төмөртэйн орд руу 50 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, “Төмөртэйн төмрийн хүдрийн орд”-оос Баянголын төмөр зам руу холбосон нийт 36 км дэлгэмэл төмөр зам, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр 2 сая.тн хүчин чадалтай ачиж буулгах терминалыг байгуулж, 95 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан зэрэг концессын гэрээний хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэж дууссан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг айлчлалын үеэр “Улсдаа нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн боловсруулж байгаа нь сайшаалтай байна. Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл нь Монгол улсад стратегийн томоохон ач холбогдолтой төсөл учраас улс төржсөн нөхцөл байдлыг цэглэж, нийгэм, эдийн засгийн хямралыг сөрж урагшилж байх нь Монгол улсын эдийн засагт чухал нөлөөтэй” хэмээн дурдсан байна.