ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мину хотын Орон нутгийн сонгууль бузар булайгаар дүүрсэн нь үзэн ядам

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-14

Албан бусаар хоёр сар, албан ёсоор 15 хоног үргэлжилсэн Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр өндөрлөв. Маргааш монголчууд бүх нийтээрээ амарч, өглөө 07.00 цагаас эхлэн үдшийн 20.00 цаг хүртэл дунд, доод шатанд иргэдийг төлөөлөн ажиллах төлөөлөгч нараа сонгох нь ээ. Төрт ёсоо дээдэлдэг ард түмэн аль ч шатны сонгуульд ач холбогдол өгч монгол дээлээ өмсөж очоод л хүндэтгэлтэйгээр саналаа өгдөг байлаа. Гэвч энэ удаагийн сонгуулиар тэдний энэхүү хүндэтгэл хаашаа ч юм алга болчихсон нь ажиглагдаж байх аж. Саналаа өгнө гэж ярихаас илүү тэртээ, тэргүй ойлгомжтой шүү дээ гэсэн дурамжхан өнгө аясыг цухалзуулах хүнтэй бишгүй олон таарав.

Шат шатандаа хор найруулсан, төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон, төрийн дээр нам нь гарч суусныг сануулж, улстөрчид нь хуйгаараа ажил хаялт зарласан гээд Орон нутгийн сонгууль муу, муухай олон зүйлийн илрэл болсон учраас ард түмний төрдөө итгэх итгэлийг улам бүр дордуулчихав уу хэмээн эмзэглэх сэтгэл төрснийг нуух юун.

Тухайлбал, УИХ-ын түүхэнд анх удаа улстөрчид нь чуулганы хуралдаанаа гацаачихаад сонгуулийн сурталчилгаа хийхийг бид харлаа. Урьд өмнө хэзээ ч давтагдаж байгаагүй муу муухай жишгийг тэд бий болгож, хуйгаараа орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийсэн юм. Өөрийн туслах зөвлөхөө сойсон улстөрчид нь гудамжинд гарч материал тарааж, гудамжаар явж сурталчилгаа хийдэг муугийн жишгийг Г.Занданшатарын ангийнхан Монголын төрд бий болгожээ. Мөн төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархлаа ч тэд илэрхийлээд амжлаа.

Тодруулбал, МАН-аас НИТХ-д нэр дэвшиж байгаа Г.Гангамөрөн, Б.Сэвжидмаа нар нэр нь үл мэдэгдэх нэгэнтэй “Хар машиныг баталгаатай хакерддаг юм бол асуудал алга” хэмээн ярьж буй бичлэг цацагдах нь тэр. Ингэсэн даруйд СЕХ, ТЕГ, ЦЕГ гээд л мөрдэстэй бүхэн ар араасаа гарч ирэн мэдэгдэл хийж “Хар машиныг хакердах боломжгүй. Захын нэг бацаан хакердах боломжгүй. Дөрвөн этгээд залилсан байна билээ. Ганц МАН-ын хоёр нэр дэвшигчтэй ч уулзаагүй” хэмээн өмгөөлөх нь тэр. Хакердах боломжгүй байлаа ч төрийн эрхийг хууль бусаар авахыг танилцуулсан тэдгээр хүмүүсийг сонсож суусан гэдгээрээ л энэ хоёр эмэгтэй нэрээ татуулах байсан ч тийм зүйл болсонгүй. Эвлүүлэг гэж гүрийгээгүй ч гэлээ энэ хоёр бол хохирогч хэмээн ар араасаа өмгөөлөн мэдэгдэл хийсэн нь хуулийн дээр нам сандайлсныг бэлхнээ илчлээд өгчихөв.

Уг нь Ардын нам ийм зүйлийг сонсоод сууж байсан хоёр нэр дэвшигчийнхээ өмнөөс уучлалт гуйгаад нэрийг нь татчихсан бол “гоё” харагдах байв. Даанч тийм зориг гарсангүй, тэднээс. Намын даргынх нь яриад байдаг шударга ёс байдаг гэдэгт итгэх байлаа, бид. Мөн УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн хятадууд шиг нэг нэгээр нь мэрж ажиллах талаар ярьж буй бичлэг ч энэ сонгуулийн бас нэг муугийн жишээ болох нь тэр. Өдөрт 10 хүнтэй уулз, өдрийн хоол идэхээс бусдаар хятадууд шиг мэр хэмээн намынхаа ухуулагч нарыг ятгаж буй бичлэг нь төрийн эрхийг хэрхэн хууль бусаар авдаг, яаж мөнгө тарааж санал худалдан авдаг вэ гэдгийг нотлох нэгэн тод жишээ болов.

Хэрээ, хэрээнийхээ харыг гайхахын үлгэр ёсоор бие, биенийхээ булхайг уудлалцсан нэр дэвшигчдийн булай ингээд дуусахгүй. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гэгч орон нутагтаа иргэдийг цуглуулж архидуулсны улмаас нэг хүн амь насаа алдсан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэний хүргэн 280 мянган төгрөгийн үнэтэй амрах эрхийн бичиг тараасан, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын зодооноос болж увсчууд талцаж хэрэлдэж, тендер өгөх авах тухай бичиг ч сошиалаар цацагдлаа.

Цаашлаад, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн “царцаа нисгэсэн” баримт ч орон нутгийн сонгуулийн онцлох дуулиан байсан юм. Нийтийн байрны нэг өрөөнд 12-уулаа амьдардаг гэсэн баримт ил гарсан бөгөөд өөрийн туслах, орлогчоос эхлээд нэр бүхий 12 иргэнийг нийтийн өрөөний ...тоотод бүртгэсэн нь олон нийтэд ил болсон юм. Багахангай дүүргийн НИТХ-д нэр дэвшигчийн ХААН банкинд ажилладаг эхнэр санал авах байранд ажиглагчаар сууж, иргэдийг зээлээр дарамталдаг уу гэх мэтээр асуудлууд ар араасаа ундарсан, бичлэг, эвлүүлэг баруун зүүнгүй гарч ирсэн булхай луйвраа дуудалцсан 15 хоног өнгөрлөө. Харин үр дүнд нь ард түмэн төрдөө итгэх итгэлээ улам бүр алдах нь тэр.

Готов ч авна уу, Шадав нь авна уу гэгчээр төрийн эрхийг хууль бусаар авдаг нь тодорхой юм байна хэмээн иргэд ч итгэл үнэмшлээ гээчихлээ. Цаашдаа ч төрд итгэх итгэлээ улам бүр алдах эх суурийг энэ удаагийн орон нутгийн сонгууль гүн тавьж өглөө. Төрийн хуулийг зөрчсөн хэнбугайг ч толгойг нь илээд өнгөрдөг гэдгээ тэд удаа дараагийн үйлдлээрээ харуулж, бүх шатанд эрх мэдлээ тогтоохын тулд хууль тогтоох ажлаа ч уландаа гишгэсэн увайгүй улс төрийг дахиад хэдэн он, хэдэн жил үзүүлэх нь ээ. 

Угтаа, мину хотын иргэд сонгуульдаа ач холбогдол өгч, төрд төлөөллөө сонгохыг чухалчилж байгаа нь хайр татам байсан ч тэдний саналыг луйвардаж, бузар булай бүхнээр нэгнээ давж буй улс төрийн намууд, улстөрчид, нэр дэвшигчид нь үнэндээ үзэн ядам байлаа.