ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН нэг дүүрэг, зургаан аймагт ялалт байгуулжээ

O.Admin
2020-10-15

НИТХ болон ДИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт 20.00 цагт өндөрлөж, сонгуулийн дүн мэдээ нэгтгэгдэж эхлээд байна. Энэ удаагийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байсан.

Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлджээ. Урьдчилсан дүн мэдээг СЕХ өөрийн албан ёсны вэб сайтад байршуулж эхэлсэн бөгөөд УИХ-ын сонгууль шиг телевизээр шууд дамжуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. СЕХ эцэслэн гарсан дүн мэдээг https://gec.gov.mn сайтаараа дамжуулан мэдээлсээр байгаа юм.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүрэгт АН ялсан гэх урьдчилсан мэдээлэл ирсэн ч Баянгол дүүрэгт АН 19, МАН 20 суудал авсан байна.  Харин Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд МАН ялсан бөгөөд Баянзүрх дүүргийн дүн мэдээ нэгтгэгдэж дуусаагүй гэсэн мэдээлэл өгч байсан. Тэгвэл эцсийн мэдээллээр МАН мөн л Баянзүрх дүүрэгт ялалт байгуулжээ. Харин орон нутагт АН найман аймагт ялсан гэх мэдээлэл иржээ. Тодруулбал, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Архангай гэсэн аймгуудад урьдчилсан байдлаар АН ялалт байгуулсан аж.

Харин НИТХ-д урьдчилсан дүн мэдээллээр МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Тодруулбал 45 суудлаас  АН-8, ХҮН-1 суудал авч, МАН үлдсэн суудлыг авсан хэмээжээ.