ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянгол дүүрэгт ХҮН “яллаа”

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-16

Аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгууль өчигдөр дуусаж, намууд ялалт ялагдлаа дэнсэлж байна. Хэдийгээр сонгууль өгөх иргэдийн идэвх муу байсан ч нийслэлийн найман дүүрэгт МАН ялалтын туг өргөж, сүхбаатарчууд харин АН-ыг сонгосон сонголтоосоо ухарсангүй.

Сонгуулийн санал хураалт дуусаж, дүн нэгтгэгдэж эхлэх үед АН-ынхан хоёр дүүрэгт ялалт байгууллаа гэх мэдээлэл цацагдаж байлаа. Гэсэн ч эцсийн мөчид Баянгол дүүрэгт АН нэгхэн суудлын зөрүүтэй ялагдал хүлээсэн юм. Харин тус дүүрэгт МАН, АН-ын аль нь ч бус эсрэгээрээ ХҮН “ялчихав”. Тодруулбал, тус дүүрэгт МАН 20, АН 19, ХҮН 2, МАХН 1 суудал тус тус авсан юм. МАН хэдий олон суудал авсан ч ХҮН-ын хоёр төлөөлөгч аль намд  “гараа өргөснөөс ”шалтгаалж Баянгол дүүрэгт хэний эрх ашгаар шийдвэр гарах вэ гэдэг нь шалтгаалах юм.

Тодруулбал, МАН-ын 20 төлөөлөгч олонхийг бүрдүүлж, Засаг даргаа сонгож шийдвэр гаргах эрхтэй болсон ч АН-ХҮН-МАХН нэгдсэн тохиолдолд засаглалын тэнцвэртэй байдал алдагдаж, гаргасан шийдвэр нь үр дүнгүй, ажил нь гацах асуудал ч үүсэх билээ. Тиймээс олны давуу байдлыг бүрдүүлэхийн тулд ХҮН-ын хоёр нэр дэвшигчийг өөртөө урвуулах хүндхэн даалгавар МАН-ынханд ирэх нь ээ.