ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар: Төрийн ажлыг гацаалгүй хурдан, шуурхай бүтэц зохион байгуулалтыг хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-16

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан: Орон нутгийн найм дахь удаагийн сонгуульд МАН амжилттай оролцлоо. НИТХ-ын төлөөлөгчийн 45 суудлаас 34 МАН авч, ялалт байгуулсан байна. Нийслэлийн есөн дүүргээс Сүхбаатараас бусдад нь ялалт байгуулжээ. Мөн дүүргийн иргэдийн хурлын 291 төлөөлөгчөөс 200, 21 аймгийн иргэдийн төлөөлөгчөөс 13, 330 сумаас 185-д нь тус тус ялалт байгуулсан байна. МАН-д итгэл үзүүлж, сонгосон иргэддээ баярлалаа. Ард иргэдийнхээ итгэлийг олохын тулд хүчээ нэгтгэж, ажиллана. Харин ялагдал хүлээсэн газарт иргэдийнхээ итгэлийг олохын төлөө ажиллана. Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Тиймээс албан тушаал, сандал ширээний асуудлаас илүү улсынхаа хөгжилд анхаарч ажиллана.

Д.Сумъяабазар: УИХ-ын сонгуулийн дараа манай нам төрийн ажлыг гацаалгүй хурдан, шуурхай бүтэц зохион байгуулалтыг хийсэн. Орон нутгийн сонгууль өргөн хүрээнд зохион байгуулагдлаа. МАН-ын намд итгэл хүлээлгэсэн иргэддээ баярлалаа. МАН-ын мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэр бүх шатанд хэрэгжих ёстой гэж дэмжсэнд талархаж байна. Аливаа ажлыг нэгдсэн нэг хүч, нэг зохион байгуулалтаар хийнэ гэдэг маш чухал. Тиймээс шаардлагатай, хэрэгжүүлэх ажил руугаа шуурхай орно. Иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулна. Ажилтандаа бардаад суулгүй нийслэлийн 1.5 сая хүний ая тухтай амьдрах нөхцөлийг ханган ажиллана.